Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс /2019.07.25/ эхлэн нийслэлийн хоёр дүүргийн таван цэгт нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалтыг хийж байна.
Энэ талаар Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Чиглэл хариуцсан ахлах зохицуулагч Ц.Чинзориг “Хичээл сургууль эхлэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөний зохицуулалт хийж байна. Ирэх саруудад ачаалал ихсэхээс өмнө иргэдэд мэдээлэл өгөх, дасгах зорилгоор зохицуулалтыг эрт эхэллээ. Үүний дагуу хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орсон замуудад цагдаагийн алба хаагчид мэдээлэл хүргэж газар дээр нь ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн хувьд “Тэди” төв, “Наймар шарга”, “Мөнгөн завьяа” орчимд замын ачаалал маш их, нэгдүгээр эгнээнд машинууд зогсох зэргээр хүндрэл учирдаг. Тиймээс тодорхой цэгүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар ачаалал буурна гэсэн тооцоололтой байгаа. Зохицуулалтын үр дүн ирэх наймдугаар сарын 20-ноос хойш харагдах байх” гэлээ.
1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу “Ард” кино театр, 23-р сургууль, “Мөнгөн завьяа” орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замууд
2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу "Голомт" банк, "Компьютер ланд" төв орчмын зарим замууд
3. “Тэди” төвийн зүүн замыг урагшаа нэг чиглэлд, “Найман шарга”-ын замыг хойшоо чиглэлд хөдөлгөөнд оролцоно.
Харин нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр цэгт замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлт оруулж байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагвасүрэн “Чингэлтэй дүүрэгт гурван цэгт, Баянзүрх дүүрэгт хоёр цэгт хөдөлгөөний зохицуулалт хийж нэг чигийн хөдөлгөөнтэй болж байна. Өнөөдрөөс эхлэн энэ шийдвэр хэрэгжиж эхэлж байна. Баянзүрх дүүргийн хувьд ачаалал ихээр үүсдэг цэгүүдэд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, “Баянзүрх” хүнсний захын баруун замыг хойноосоо урагшаа, урд зам нь баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болсон. Мөн “Американ дэнж” хотхоны урд замыг зүүнээс баруун буюу та бидний мэдэхээр “Гялс” төв рүү нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна” гэлээ.
3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу "Баянзүрх" хүнсний захын баруун болон урд гудамж
4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас "Гялс" төв хүртэлх зам
Ийнхүү өнөөдрөөс эхлэн нийслэлийн гурван дүүргийн таван цэгт автозамын хөдөлгөөнийг нэг чигтэй болгох захирамж албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Энэхүү зохицуулалтыг мэргэжлийн байгууллагын судалгааны үндсэн дээр хийж байгаа ба иргэдэд мэдээлэл өгөх ажлыг ирэх наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл явуулах юм. Түүнчлэн хараахан мэдээлэл авч амжаагүй урсгал сөрсөн жолооч нарт ойрын хугацаанд торгууль оногдуулахгүй гэдгийг хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )