УИХ-ын дарга Г.Занданшатар бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа

2019 оны 08 сарын 05

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг малчин, хөдөлмөрчдөд танилцуулж, санал бодлыг нь сонсож байгаа билээ.

Баянхонгор аймгийн Баянговь суманд өчигдөр /2019.08.04/ “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж, ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй үйл явц болон түүнд орж буй гол өөрчлөлт, зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Баянговь сумын иргэд нутгийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Энэ өдөрлөгийн хүрээнд хоёр өдрийн турш Улаанбаатар хотоос эхо оношилгоо, хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, урологи, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм. Аймгийн хэмжээнд бүх насныхны дунд шүдний өвчлөл их байгааг эмч нарын багийн ахлагч, “Хонгор дент” шүдний эмнэлгийн их эмч Б.Нацагдорж хэлж байлаа. Аймгийн удирдагуудаас “Эрүүл шүд” аяныг өрнүүлж, зарим сумдад хүүхдийн шүдний өвчлөлийг огцом бууруулсан ч эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж эргээд өвчлөл нэмэгдэх хандлага байгаа учир онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Орон нутгийн газрын болон ундны усны онцлогоос шалтгаалан иргэдийн дунд дотор эрхтэний өвчлөл багагүй байдаг байна. Баянговь суманд давхардсан тоогоор 150 гаруй иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан юм. Малчин иргэд тэр бүр эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй тул дахин нарийн мэргэжлийн эмч нарын багийг удаан хугацаагаар сумдад ажиллуулж өгөхийг УИХ-ын дарга болон орон нутгийн удирдлагуудаас хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянговь сумын иргэдтэй шатрын нөхөрсөг тоглолт хийсэн юм

Сумын хэрэгцээнийхээ чацарганыг өөрсдөө тариалж байна

Мод тарина тэр дундаа говь нутагт мод, ургамал тарьж ургуулна гэдэг амаргүй ажил. Байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн даац муудаж, цөлжилт явагдах болсон энэ цаг үед Баянговь сумын малчин иргэд мод тарьж, нутаг орноо ойжуулахаар зорьж эхэлжээ. Үүний зэрэгцээ сумынхаа хэрэгцээг бүрэн хангах чацарганы тариалалтыг 2014 оноос эхлүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.

Баянговь сумын 5 дугаар багийн малчин н.Сэнгээ: - Бид гэр бүлээрээ мод тарьдаг. Мод үржүүлгийн нийт 30 га талбайн 12 га-д нь сүүлийн хоёр жил хайлаас, улиас, чацарганы мод тарьж байна. Бэлэн суулгац авчирч суулгасан. Мөн ногоон тэжээл тарьдаг. Үлдсэн талбайдаа цаашид ногоон тэжээлээ түлхүү тарих бодолтой байгаа. Манай сумын Засаг дарга Эрдэнэбилэг биднийг дэмжснээр энэ талбайд мод үржүүлгийн ажлаа эхлүүлсэн. Энд хоёр гэр бүл хамтарч ажилладаг. Хурааж авсан жимсээ сумынхаа сургууль, цэцэрлэг болон зэргэлдээ сумдад нийлүүлдэг. Бүх зүйлээ гар ажиллагаагаар хийдэг учраас усалгааны тоног төхөөрөмж, машин трактор зэрэг зүйлс авах шаардлагатай байгаа. Энд усны боолтын системд баахан хөрөнгө зарж 240 орчим сая төгрөгөөр барьсан. Гольдролыг нь буруу тооцсон учраас ашиглах боломж байдаггүй. Одоо өөрсдөө байнга гар усалгаа хийдэг.

Баянговь сумын 5 дугаар багийн малчин С.Эрдэнэбат: - 2011 оноос мод тарьж, ойжуулах ажлаа эхэлсэн. Өөрсдийн боломжоор мод тарьж байгаа ч машин техник, усалгааны систем дутагдалтайгаас талбайгаа бүрэн ашиглаж чаддаггүй. Манайх 2014 оноос чацарганы модоо тарьсан. Одоогоор хувьдаа 2000 гаруй чацарганы модтой. Хоёр жил дараалан ургац авсан. Жилдээ 700-гаас нэг тонн орчим ургац хурааж авдаг.

Аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахад хяналт тавихыг үүрэг болгов

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллах үеэрээ улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц байдалтай танилцав.

Баянговь суманд энэ онд нутгийн удирдлагын ордон болон 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм.

Нутгийн удирдлагын ордныг “Очир заан” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд сумын 32 иргэнийг авч ажиллуулж байна. Барилгыг ажил хэвийн үргэлжилж байгаа учраас 2019 оны арванхоёрдугаар сарын 01 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаараа тус компанийн инженер н.Лхагва хэллээ.

“Арвин Хонгор” ХХК-ийн хариуцан ажиллаж буй 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил 70 орчим хувьтай явагдаж байгаад УИХ-ын дарга шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрбээр, “Зуны сар зургаа биш. Найман сар гарчихсан байхад дөнгөж 70 хувьтай байна. Удахгүй хичээл сургууль эхлэх гэж байна. Энэ сарын 15 гэхэд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хүүхдийн төлөө хийж байгаа ажилд сэтгэлтэй баймаар байна” гээд аймгийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад аймгийн хэмжээнд хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж, заасан хугацаанд ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг өглөө.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top