Багш нарын ажиллах цагийг бууруулжээ

2019 оны 08 сарын 21

-Хичээл эхэллээ сэдэвт нээлттэй мэдээллийн өдөрлөг өнөөдөр үргэлжилнэ-

Хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл, бүртгэл, элсэлтийн талаарх хэвлэлийн бага хурлыг өчигдөр  хийлээ. Тус яамнаас энэ хичээлийн жилийн хувьд үндсэн гурван зорилтыг тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, дотоод үйл ажиллагааг сайжруулах тал дээр түлхүү анхаарал тавин ажиллахаа мэдэгдлээ. Яамнаас өгсөн мэдээллээс үзэхэд 2019-2020 оны хичээлийн жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй дэвшилттэй жил болж өнгөрөх төлөвтэй байна. Ингээд ирэх хичээлийн жилд оюутан, сурагчдын суралцах орчин, нөхцөлд гарах онцлох өөрчлөлтүүдээс дурдъя.

Цэцэрлэгийн хамран сургалт 88.1 хувьд хүрчээ

Улсын хэмжээнд 2-5 насны хүүхэд 312.802 бий гэсэн судалгаа бий. Үүнээс 275.809 хүүхэд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр болжээ. Энэ жилийн хувьд 14.455 хүүхэд шинээр цэцэрлэгт элсэнэ. Ингэснээр хамран сургалтын хувь өмнөх хичээлийн жилээс 6.2 хувиар өсөж 88.1-д хүрээд байна. Үүнд шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн тоо шууд нөлөө үзүүлж байгаа аж. Мөн “Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилт, “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг хэрэгжүүлэн нийтдээ 1653 хүүхдийг хамруулахаар болсон байна.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ

Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй нэг хүүхдэд ногдож буй хоолны зардал өдөрт 1650 төгрөг байх тухай шийдвэр 2012 онд гарсан байдаг. Өнөөг хүртэл хэвээр мөрдөгдөж байсан энэхүү зардал ирэх 2020 оны улсын төсвийн төсөлд 2475 төгрөг болохоор тусгагдаад байна. Ийнхүү цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг  50 хүртэлх хувиар нэмэгдүүлснээр тэдний бие бялдрын хэрэгцээнд нийцсэн , шим тэжээллэг хоол хүнсний хэрэгцээ хангагдаж, эрүүл мэнд, өсөлт бойжилтод нь эерэг нөлөө үзүүлэх аж.

Энэ онд хамгийн олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орно

2019-2020 оны хичээлийн жилд хамгийн олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орох нь ээ. Тодруулбал, 2019 онд 21.420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13.140 хүүхдийн ор бүхий 93 цэцэрлэг шинээр ашиглалтад орох аж. Харин ирэх 2020 онд 34.590 хүүхдийн суудал бүхий 68 сургууль, 6850 хүүхдийн ор бүхий 42 цэцэрлэгийг тус тус шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Гурван ээлжээр хичээллэхээ болино

Өмнөх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байсан 18 сургуулийн 5800 орчим хүүхэд бий. Үүнээс таван сургуульд зохицуулалт хийж өөрсдийн байранд хоёр ээлжээр хичээллэхээр болсон бол үлдсэн 13 сургууль иргэн аж ахуй нэгж, хувийн сургуулиудын стандарт шаардлагыг хангасан байрыг түрээслэх хэлбэрээр ашиглахаар болсон байна.  Үүний үр дүнд есдүгээр сарын нэгнээс эхлээд бүх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэхээр болоод байгаа ажээ.

Нэг сурагчийн “Үдийн цай” хөтөлбөрт 900 төгрөг зарцуулна

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн зардал 600 төгрөг байхаар тусгасан байдаг. Харин үүнийг 900 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож 2020 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгаа аж. Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар тооцон энэхүү мөнгөн дүнг  гаргасан бөгөөд ирэх 2020 оноос эхлэн бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 900 төгрөг болж нэмэгдэх нь ээ.

Харин дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны зардал 2315-3475 төгрөг болон нэмэгдэх гэнэ. Ийнхүү сурагчдын цай, хоолны зардлыг нэмэгдүүлснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол, тэжээлийн суурь хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх, сурах нөхцөл боломжийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

Сурах бичиг худалдаалахыг зогсоожээ

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичиг зах зээлд худалдаалахгүй байх шийдвэрийг БСШУСЯ-аас гаргажээ. Харин сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад хүргэхээр болсон байна. Ингэхдээ бага ангийн сурагчдад 100 хувь, дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүйгээр сурах бичиг ашиглах зохицуулалт хэвээр үргэлжлэх аж. Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нь зөвхөн дунд болон ахлах ангийн сурагчдын 60 хувьд хамаарах гэнэ. Сурагчдын төлбөр төлөх аргачлалыг журмаар зохицуулж, үнийн дүнгийн 20-40 хүртэлх хувиар тогтоогдох шийдвэр гарсан байна. Өмнөх жилийн хувьд сурах бичгийн хүрэлцээ муу байсан. Энэ нь сурагчдад багагүй чирэгдэл учруулж байсан бөгөөд энэ удаад сурах бичгийн хэвлэлт хангалттай хэмжээнд, хугацаандаа хэвлэгдэн гарах ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд сургана

Есдүгээр сарын нэгнээс эхлэн сургуулиуд хамран сургах тойргийнхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах ажлыг хариуцахаар болжээ. Тухайн сургууль хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээг хүндэтгэсэн уян хатан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийг дэмжих, сургалтын орчин, тохирох хэрэглэгдэхүүн бэлтгэх, хүүхдэд учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, адил тэгш боломжийг олгон ажиллахаар болсон байна.

Сурагчийн дүрэмт хувцасны нөөц хангалттай байна

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын дагуу төсөл хэрэгжүүлэгч компаниуд орон нутаг дахь кластерийн системээрээ дамжуулан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг борлуулна. Харин дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нөөц, хангалттай хэмжээнд байгаа тухай мэдээллийг үйлдвэрлэгч компаниудаас өгчээ.

Дээд боловсролын чанарын үнэлгээний шинэ тогтолцоотой болжээ

Ижил чиглэлийн сургалтын хөтөлбөртэй сургуулиудын сургалтын чанарыг хөндлөнгөөс үнэлж, нэгдсэн хяналт хийсний дүнд төрийн бус өмчийн 12 сургуулийн захиралд хугацаатай үүрэг, даалгавар хүргүүлжээ. Мөн 2019 онд таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, гурван сургуулийг бусад сургуультай нэгтгээд байна.

Их, дээд сургуулийн тоог цөөлнө

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг их, дээд сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлж, цаашлаад гадаадын шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтад багтаахын тулд хяналт, шалгалтыг дээшлүүлж, тоог багасгах журмаар ажиллахаа мэдэгдлээ. Манай улсын хувьд олон тооны их, дээд сургуультай. Улсын хэмжээний томоохон сургуулиуд бүрэлдэхүүн сургуулиудтай байдаг. Харин үүнийг өөрчлөн сургуулиудыг хооронд нь нийлүүлэн нэг сургууль бүх төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг болох замаар суралцагчдын төдийгүй, сургалтын чанарыг сайжруулах ажээ.

Оюутны хөгжлийн зээл барьцаагүй, хүүгүй байна

Өмнө нь “Сургалтын төрийн сангийн зээл” хэмээх зээлийг оюутнуудад олгодог байсан бол энэхүү зээлийн нэрийг “Оюутны хөгжлийн зээл” болгон өөрчилж барьцаагүй, хүүгүй болгожээ. Өөрөөр хэлбэл “Сургалтын төрийн сангийн зээл”-д хамрагдаж байсан оюутнууд дипломоо барьцаа болгон Боловсролын зээлийн санд үлдээдэг байсан, мөн  банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан бол 2018 оноос эхлэн зээлийг шууд олгож эхэлсэн байна. Бакалаврын түвшинд элсэн орсон оюутнуудын ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш, суралцагч бол 2.8 буюу түүнээс дээш, магистр, докторын түвшинд суралцагчийн өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал энэхүү зээлийг авч болох боломжтой ажээ. 

Сургалтын хөтөлбөрийг сайжруулжээ

БСШУСЯ-ны харьяа агентлаг, эрдэмтэн судлаачдын оролцоотой хэд хэдэн удаагийн судалгаа, олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд сургалтын хөтөлбөрийг сайжруулан баталжээ. Бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсныг 755 болгон сайжруулж дунджаар 35.5 хувиар бууруулсан байна. Үүнээс суурь боловсролын хувьд 8.7, бүрэн дунд боловсролын хувьд 9.2 хувиар тус тус буурсан аж. Сургалтын хөтөлбөрийн хувьд зөвхөн агуулга төдийгүй, зорилго, зорилт, үнэлгээний арга зүй сайжирсан байна.

Багш нарын ажиллах цагийг бууруулжээ

Сүүлийн жилүүдэд багш нарын ачаалал эрс нэмэгдэж, бодлогын түвшинд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Харин энэ хичээлийн жилээс эхлэн цалин мөнгөөр хэмжигдэх боломжгүй багш нарт үүсдэг стресс болон, нервийг аль болох багасгах зорилгоор ажлын ачааллыг багасгах бодлогыг БСШУСЯ-аас баримталж эхэлжээ. Ингэснээр багшийн ажлын бүтээмж, эрхийг нэмэгдүүлэх, нөгөө талаараа эцэг эхчүүдийн үүргийг нэмэгдүүлэх сайн талтай. ЕБС-ын нэг багшийн долоо хоногт ажиллах цагийг багасгах зорилгоор агуулгын давхцалыг арилгаж, зохиомол ачааллыг бууруулах тал дээр яам анхаарч ажиллаж байгаа ажээ.

Асран хамгаалагчидтай гэрээ байгуулна

Манай улсад хийсэн 2018 оны судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.5 хувь нь гэртээ ганцаараа үлддэг, 0-17 насны хүүхдүүдийн 18.9 хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй гэх дүг гарсан байдаг. Үүнээс үзэхэд хүүхдүүдэд хараа хяналт тавих эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ тухай гэрээнд тусгасан байх бөгөөд гэрээний үлгэрчилсэн загварт нийцүүлэн цэцэрлэг сургууль өөрийн онцлогийг тусгаж нийтдээ 644 эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллахаар болжээ.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ тухай мэдээллийг гар утсаараа дамжуулан авна

Боловсролын салбарын мэдээл­лийн системийг хэрэглэгч­дэд энгийн байдлаар хүргэх үүднээс гар утасны аппликейшнийг нэвтрүүлээд байна. Багш журналын мэдээллийг гар утаснаасаа бүртгэх боломжтой болсноор эцэг, эх хүүхдийнхээ ирц, явц, хүмүүжил, төлөвшил, дүнгийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (192.82.65.173) 2019 оны 08 сарын 21

uuchlaarai etseg ehchuud ajiliin tsagaar bagasganaar bna huuhduuded anhaaral tavih tsag hovor

0  |  0
Top