Сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг дэмжлээ

2019 оны 08 сарын 22

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн /2019.08.21/ хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцжээ. 

“Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой журам боловсруулсан. Энэ журмыг батлан хэрэгжүүлсэнээр баг хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон эцэг, эхийн хамтын ажиллагаа сайжирч, сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ач холбогдолтой” гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүүхэд багачуудад хотын соёл, иргэний зөв төлөвшил, хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой хичээл эхлэхээс өмнө юм уу завсарлагааны үеэр таван минутын “албан бус” лекц ордог байх ажлыг журамд нарийн тусгах нь зүйтэй. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хичээлийн хуваарьт нөлөөлөхгүйгээр зохион байгуулдаг байх ёстой. Урамшууллын системтэй энэ ажлыг уялдуулж, журмын тодорхой хэсэгт заалт болгож оруулах хэрэгтэй. Сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, зөв хандлага хүмүүжилтэй хотын иргэнийг бий болгох энэ ажилд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийг дэмжиж оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Журмыг хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top