Зиндаа.мн сайт, ТВ8 телевиз, "Өглөөний сонин"-ы хамтарсан "ХХ хөтөлбөр"-өөр Тост, Тосон бумбын төлөөх жишиг тэмцлийг нээлттэй, хараат бусаар сурвалжлан олон нийтэд түгээсэн билээ. Хариуцлагатай, хараат бус сэтгүүлзүйн энэхүү жишгээр Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газруудад хууль бусаар ажиллаж, байгаль эхийг сүйтгэж, гол мөрнийг ширгээж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж байгаа хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх сурвалжлагыг цувралаар хүргэж байна.
"ХХ Хөтөлбөр" - Хариуцлагатай нийгмийн төлөө Хараат бус сэтгүүлзүй
“АЛТАЙ ГОЛД” ХХК ОРХОНЫ ЭХ ЦУТГАЛ ДОЛООН ГОЛЫН ЗУРГААГ НЬ БУЛЖ, ШИРГЭЭЖЭЭ
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтай голд” ХХК Орхон голын зарим эх цутгал жижиг голуудыг булж, устгасан, голдирлыг нь өөрчилсөн бодит төрхийг та одоо харж байна. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заачихсан байгаа.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн малчин К.Лхагважав: Хараагүй хэдэн үхэртэй болох нь
-Энэ ухчихсан байгаа талбай нь сайхан цагаан дэнж байсан. Энд манайх 1994 оноос хойш отрын нүүдлээр орж ирж нутагладаг байсан. Тэр сайхан нутгийг минь ухчихлаа. Бүх зэлэнд маань тулгаад ухчихсан. Эд нар лавшруулаад ухах байх. “Алтай голд” компани ухаад гурван жил болсон. Манай үхрүүдийн нүд өвдөөд эхэлсэн. Үхрийн нүд нэг өдөр өвдөөд л ногоон болоод хараагүй болчих юм. Хараагүй хэдэн үхэртэй болох нь. Ухаж эхлээгүй байхад үхрийн нүд өвдөггүй байсан. Намайг нүүлгэхгүй, хорионд шахуу байлгаж байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Г.Эрдэнэбат: Малаа бэлчээдэг газрыг маань сүйтгээд дууслаа
-Нөхөн сэргээлт хийдэггүй. Бид нар лицензээ авчихсан гээд малаа бэлчээдэг газрыг маань сүйтгээд дууслаа. Биднийг эндээс нүүж намаржаандаа буухыг хүлээж байгаа дуулдсан.
БИЧЛЭГ ҮЗЭХ
“Алтай голд” ХХК-ийн уурхай хариуцсан захирал н.Норовсамбуу: Манайх байгаль орчны мэргэжилтэнтэй
-Манайх байгаль орчны мэргэжилтэнтэй. Харин би манай талбайд байгаа бут, торлогийн байгаль орчин дахь үр ашгийг мэдэхгүй.
Өлийн голын хүдрийн дүүрэгт оршдог Харгуйтын амны баруун салааны алтны шороон ордын нөөц 800 кг, Хар чулуутын амны алтны шороон ордын нөөц 70 орчим кг байгааг тогтоосон байна. Харин ийм хэмжээний алт авахын тулд тус компани Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын амны баруун салаа, нутгийнхны ярьж байгаагаар Шийртийн хойд амнаас эх аван урссаар Орхон голд цутгадаг долоон жижиг голын зургааг нь булшилчихаад сууж байна. Уг нь Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг. Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй.
“Алтай Голд” ХХК “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2016 онд батлуулжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь “Газарчандмань” компани хийсэн байна. “Алтай Голд” ХХК-ийн ерөнхий захирал Цэндээгийн Мягмардорж гэгч бөгөөд урьд нь Өвөрхангай аймгийн Уянга суманд Өлтийн шороон ордод олборлолт явуулж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр Өлтийн шороон ордоос алтыг нь аваад, үлдэгдлээ бусад компани, бичил уурхайчдад шилжүүлж, нөхөн сэргээлтээс бултсан гэх мэдээлэл ч байна.
Суварга хайрхан уулаас эх аван урссаар Орхон голд цутгаж байгаа жижиг голуудын ялгааг харж байна. Алтны олборлолт явагдаагүй газраас эх аван урссаар уурхайнхны бохир устай холилдон нийлж, сааралтан булингартсаар Орхон голд цутгаж байгаа нь энэ. Ингэж бохирдсон Орхон гол цааш урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг бөгөөд нийт усных нь 47 хувийг бүрдүүлдэг гээд бод доо. Үнэндээ энэ бол Монголын эмгэнэл юм.
Байгалиа сүйтгэгчдийн энэхүү хорлонтой үйлдэл Орхон голын сав дагуу нутаглан ундаалдаг хэдэн зуун хүн ард, мал, амьтан гээд амьтай бүхэнд сөргөөр нөлөөлж байгаа. Таны харж байгаа энэ бохир ус хүнцлээр хордсон гол урсаж байна гэсэн үг. Тэгвэл хүнцлийн талаар цухас ойлголт өгье. Хүнцэл нь хүний биед ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй элемэнтэд тооцогддог. Хүнцлийг хүмүүс эртнээс “Хаан хор” хэмээн нэрлэж иржээ. Грек нэршил нь “хүчтэй, эзэрхэг”, xарин сири хэлээр “цайвар шаргал нунтаг” гэсэн утгатай юм байна. Амт, үнэргүй хэдхэн миллиграммыг ус, дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй. Хэрэв маш бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сар, жилийн дараа чимээгүйхэн нүд аниулах чадалтай хор.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Д.Буянжаргал: Энэ хөндийд эрүүл газар үлдэхгүй
-Уул уурхайн тоос шорооноос болдог байх. Манайхны үхрийн 30-аас дээш хувь нь сохорсон. Тул хүртэл сохор гарч байна. Энд үхэл, амьдралын зааг байна. Алгын чинээ газарт тугалын хашаа барьтал хөөгдсөн. Хойтон гэхэд энэ хөндийд эрүүл газар үлдэхгүй. Зургаа, долоон булаг шанд байсан нь ширгээд дууссан.
Xүдэрт агуулагдах хүнцэл нь голдуу уул уурхайн олборлолтын явцад газрын гүний болон урсгал гол, мөрний усанд уусах боломжтой. Xүнцэл ихээр агуулсан ундны усыг удаан хугацаагаар хэрэглэвэл хорт хавдраар өвдөх, арьсанд яр шарх туурах, гар хуруу хөхрөх, шүд харлах, хөлийн тавхай хавдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймд ундны усан дахь хүнцлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 1975 онд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 0.05 мг/л байхаар тогтоосон бол 2001 онд энэ хэмжээг бууруулж, бүр 0.01 мг/л болгожээ. Харин хүнд аж үйлдвэр олонтой, хөгжиж буй зарим орон энэ хэмжээг зориуд 0.05 мг/л байхаар хуульчилсан байдаг юм байна.
Тэгвэл одоо харьцуулалт хийж болохуйц нэг баримт сөхье. “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын далангийн усан дахь хүнцэл 2820 мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419 мг/кг-д хүрсэн баримт бий. Мөн Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж, хэдэн зуун тонн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгарч, голын ус бохирдсоныг шинжилгээгээр тогтоосон удаа бий. Хүнцэл агуулагдах хэмжээг 0.01 мг/г-0.05 мг/г гээд дэлхий дахинаа хатуу тогтоочихсон байхад Монголд алт олборлодог нэг уурхайн хаягдлын далан, лаг шаварт агуулагдах хүнцлийн хэмжээ бүр 4400 мг/кг гарсан байна. Энэ аюул биш гэж үү.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Р.Алтансүх: Цагдаа нар биднийг “нүү” гэж хөөдөг
-Анх манай зуслангийн хөндий газарт нь ороогүй байсан. Гэтэл ухчихлаа. Одоо яах юм бүү мэд. Бид нар хөөгдөөд л явна. Хангайн амьтад мараалдаг газрыг нь ухчихсан. Ёстой даварч байна. Би марааг нь хамгаалаад бараагүй. Хортой юм хэрэглээд байгаа байх. Манайхны үхрүүд сохроод дууслаа. Намайг бол цагдаа нар шөнө унтаж байхад давхиж ирээд “нүү” гэж хөөдөг. Энд хөөрхөн цөөрөм байсан. Түүнийг ухаж байхад мэргэжлийн хяналтынхан тоогоогүй.
Ингэхэд хүнцэл гэх ХААН ХОР хэрхэн бий болоод байна вэ? Газрын үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд “унтаж” байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлддэг. Ингэснээр хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүсдэг бөгөөд хүнцлээр бохирдсон ус гол горхитой нийлж урсана гэсэн үг.
Маш тодорхой хэлбэл, Орхоны ай сав, хөндийд амьдардаг хүн мал бүгд их бага хэмжээгээр хүнцлээр бохирдсон хортой ус ууж байгаа нь эндээс харагдаж байна. Угтаа энэ асуудал зөвхөн уул уурхайн бүсэд амьдардаг хүн малд хамаатай асуудал биш. Орхоны ай сав, бүс нутагт ургадаг тариа ногоо, энэ голоос ундаалдаг малын мах, сүү гээд бүгд гинжээр холбогдсон тасрахгүй хэлхээ энд харагдана.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Б.Дэмбэрэлсүрэн: Бид шар туяатай бохир ус ууж байна
-Долоон булаг байсан. Бүгдийг нь ухсан. Хамгийн сүүлд ганцхан булаг үлдэхэд нь байгаль орны байцаагчдаа хэлэхэд “Зөвшөөрлийг нь авчихсан болохоор хамаагүй. Ухна” гэсэн. Бид одоо шар туяатай бохир ус ууж байна. Манайх өвөлжөөнөөсөө зусландаа очиж чадахгүй байна. Цэнхэр сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрын дарга нь ирээд “Лицензтэй талбайгаас нүү” гэдэг. Манайх энд арав гаруй жил зуссан нутаг. Малчид малын бэлчээргүй болж байна. Хүүхдүүдээ тоглуулах талбай алга.
Алтны компаниуд ийм бохир усыг ундандаа хэрэглэж болохгүй гэдгийг тун сайн мэддэг. Олборлолт явуулдаг аль ч уурхай ундны усаа хол газраас, гүний худгаас зөөвөрлөдөг дүрэмтэй. Ингэхэд “Алтай Голд” ХХК энэ нутагт ашиглалтын лицензийг хэрхэн авч, шинээр хөрс хуулж эхэлсэн юм бол? Түүхээ сөхье. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны долдугаар сарын 16-нд батлагдсан түүхтэй. Гэвч “Урт нэртэй” хуулийн дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр эх байгалийг хүйс тэмтрэн, эвдлэн сүйтгэх шийдвэрүүд 2015-2016 онд батлагдсан.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар алтны компаниудад зориулсан хууль бус шийдвэрүүдээ Цагаан сарын битүүний өдөр болон Наадмын үеэр баталсан баримт бий. Энэ үеэр нийт 13 мянга гаруй га газрыг хамгаалалтын бүсээс гаргасан түүхтэй. Яг энэ алдаанаас болж Монголын хамгийн урт гол, Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч, 1124 км урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг хамгийн том цутгал Орхон гол улаанаар урсаж, бохирдож ширгэх аюул бодитоор нүүрлээд байна.
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүн С.Батсайхан: Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой
-Олон улсын конвенцоор хүнийг үндсэн амьжиргаанаас нь салгаж үл болно гэдэг. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бүгд зөрчигдөж байна. Монголчууд нүүдлийн соёлыг бий болгосон. Бүгд байхгүй болж байна. Хордсон усан дотор үхэр байхыг харлаа.
“Босоо Монгол хөдөлгөөн”-ний тэргүүн П.Шинжээравдан: Энэ нутгийг ухаж байгаа хүн Өлтийн амыг сүйтгэсэн
-Энэ нутгийг ухаж байгаа хүн Өвөрхангай аймгийн Өлтийн амыг сүйтгээд хаясан. Бөөрөлжүүтийн гол, Онги голын эхийг юу ч үгүй болгосон. Удахгүй энэ нутаг мөн сүйтгэгдээд дуусна.
Хангайн нурууг орвонгоор нь эргүүлэх хууль бус энэхүү шийдвэрийн жагсаалтад “Алтай голд” компани багтжээ. Тодорхой хэлбэл, тус компанийн лиценз 2015.07.07-ны өдрийн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий эхийн хилийн заагаас чөлөөлөгдөж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь 2016 оноос эхэлсэн байна. Ийнхүү “Алтай голд” компани Хангай нурууны Суварга хайрхан уулаас эхтэй Орхон голын эх дээр эзэмшлээ тогтоож, цутгал голуудыг нь ширгээн булшилж, уугуул малчдыг төрсөн нутгаас нь шахан гадуурхаж, ой, усны сан, эх бүрдэх газрын хөрсийг хэдэн зуун га талбайгаар нь хуулан эргүүлж сууна. Үүнийг зүгээр л хараад, зүгээр л сонсоод өнгөрөх асуудал гэж үү.
Цаашлаад, Төрийн тахилгат Суварга хайрханаас эхтэй Орхон голын гол цутгал жижиг гол горхиуд хэчнээн мг/кг хүнцлээр бохирдсоныг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд тун удахгүй баталгаат лабораториор шинжилгээ авч, асуултын хариуг тодорхой болгоно гэдэгт итгэж байна.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 8 )