XX ХӨТӨЛБӨР: Завханыг зайдалсан хонконгчууд үхлийн хороор наадаж байна (II)

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

 

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумын 10 мянга гаруй га талбайд 2044 он хүртэл алт олборлох эрх авчээ

“ХХ ХӨТӨЛБӨР”-ийн “Хариуцлагатай нийгмийн төлөө Хараат бус сэтгүүлзүй” төслийн баг Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн үхлийн хор цианит натри алдсан хэрэг гарсан талаар өмнөх дугаартаа хөндсөн. Хариуцлагагүй, мэргэжлийн бус уурхайн нэг тод жишээ болсон “Баян айраг” компани Завханы хөндийг үхлийн хороор хордуулаад зогсохгүй гүний усыг нь шавхаж эхэлсэн ноцтой асуудал үүсээд байна.

50 ЖИЛИЙН ДАВУУ ЭРХ

Юутай ч, Дөрвөлжин сумын арвин баялагтай энэ орд газар хэзээ, хэрхэн “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн халаасанд орсныг эхлээд сонирхоё. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгэлтэй “Баян-Айраг Эксплорэйшн” компанийн тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг хүргэе. Тус компанийн гүйцэтгэх захирлыг Colvin Willam Thomas гэдэг бөгөөд 80 хувийг “Кью Жи Экс Голден Хиллс С.Ар.Л”, 20 хувийг “Гурван гол холдинг” ХХК эзэмшдэг юм байна. Хамтарсан компанийн харьяалал нь Moнгол, Виржиний Арлууд гэсэн бүртгэлтэй.

Харин ийм эзэмшилтэй “Баян-Айраг Эксплорэйшн” компани MV-013409 дугаартай Баян Айрагийн ордыг 2008.03.24-2038.03.24 хүртэл буюу нийт 30 жил ашиглах тусгай зөвшөөрөл авчээ. Энэ ордын талбайн хэмжээ нь 6100,29 га. 

Гэхдээ тус компанийн 20 хувийг эзэмшдэг Монголын талын “Гурван гол холдинг” ХХК тус уурхайд анх цианид натри алдагдаж, хэрэг мандсаны дараа нэрээ татаж, хувьцаагаа Хонконгийн компанид зарсан гэх мэдээлэл байна. “Гурван гол холдинг” компанийн эзэд нь MCS-ийнх юм байна. Хонгконгийн компани энэхүү ордоос гадна Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт дахиад нэг ордыг мөн л 30 жил ашиглах тусгай зөвшөөрөл авчихсан байх юм. Тодруулбал, Дөрвөлжин сумын нутагт MV-017666 дугаартай Баруун-Бортолгой-1 орд нь нийт 3911 га талбай газрыг хамарсан бөгөөд 2014.11.06-2044.11.06 он хүртэл дахиад 30 жил алтыг нь авах ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэгийг олж мэдлээ. Чухам энэ үед буюу хоёр дахь лицензээ авч байх үедээ энэ компанид цианид алдагдсан хэрэг мандаж байсан.

Доктор Ш.Пүрэвсүрэн:

-Цианит натри алдана гэдэг байж боломгүй гэмт хэрэг. Ийм гэмт хэрэг үйлдчихээд байхад юун аймгийн МХГ вэ, улсын хэмжээнд түргэн авч, онцгой байдлын комисс ажиллах ёстой биш үү. Тэрчлэн цианит натри алдагдсан газраас дээж авна гэдэг маш нарийн технологи, дүрэм журмын дагуу хийгддэг ажил. Түүнээс биш аймгийн МХГ-аас хэн дуртай нь очоод усны саванд юүлж аваад, дурын лабораторид шинжлээд тогтоочихдог ч юм биш. Циана алдана гэдэг тоглоом биш шүү. Завханы удирдлагууд энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй гэж анхааруулав.

Завхан нутгийнхны эцэг өвгөдөө нутагшуулан тавьдаг байсан түүх соёлын онцгой бүс нутагт “Баян Айраг Эксплорэйшн” компани бараг 10 мянга гаруй га талбайд химийн хорт бодис ашиглан газрын хэвлийг нь хөндөж, хордуулан байж алт эрдэнэсийг нь 2044 он хүртэл ухах эрхээ хэдийн атгачихаад сууж байгаа нь зүгээр л байх асуудал мэтээр хандаж болно гэж үү?! 

ЗОЛИОС БА ХАРИУЦЛАГА

Тэгвэл Хонгконгийн компанид монголчуудын түүх соёлын өлгий нутаг Завхан аймгийн Дөрвөлжин суманд алтны үндсэн ордыг давуу эрхтэйгээр ашиглах эрхийг хэн олгов гэдгийг он цагийн тооллоор нэхэн харъя. 2008 онд Монгол Улсын Засгийн газрыг Санжийн Баяр толгойлж байсан. Харин Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд ажиллаж байв.

Баян Айрагийн ордыг стратегийн ордод тооцогдохуйц хэмээн харамлан өмөлзөхөөс аргагүй. Алтны үндсэн ордынх нь тогтоогдсон нөөц гэхэд өнөөдөр Монголд томд тооцогдож байна. Тодорхой хэлбэл, 50 тонн алт, 150 мянга гаруй тонн зэс, 2.6 сая унци мөнгө, бас төмрийн хүдэр, холимог металлын арвин нөөцтэй Баян Айрагийн ордыг тухайн үеийн Ерөнхий сайд Санжийн Баяр болон УИХ-ын гишүүн Лу.Болд, 2014 онд  манай эрх мэдэлтнүүд Хонконгийн компанид давуу эрхээр олгож, бэлэглэсэн нь тодорхой болж байна.  Лу.Болдын дэмжлэгтэйгээр Баян айрагийн баян ордыг өөрийн болгож авсан Хонгконгийн компани ийнхүү Завханыг зайдлан ноёрхож, үхлийн хороор наадаж дургиж суугаа нь энэ. Тэд Монголд учирч болох эрсдэлийг үл тоомсорлож, Завханыг золиослоод зогсохгүй үхлийн аюултай химийн хорт бодистой усаа хэд хэдэн удаа алдчихаад байхад байгалиа хамгаалах үүрэгтэй бодлогын яам нь яг ямар байр суурьтай байна вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Тус компанид үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Мэдээж бид хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Харин үнэхээр хариуцлага алдсан байвал үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж ярилаа.  

ИХ ХАЙРХАНЫ ЭМГЭНЭЛ

Дахиад нэг ноцтой баримт сөхье. “Баян Айраг Эксплорэйшн” ХХК бүх үйл ажиллагаандаа Их Хайрханы хөндийн гүний усыг ашигладаг юм байна. Тус компани Их Хайрханы хөндийд гурван ч худаг гаргасан бөгөөд өдөрт зөөвөрлөх усных нь хэмжээ жил тутамд ихсэхийн хэрээр гүний усны түвшин багассаар байгааг судалгаагаар тогтоогоод байна. Бүр тодорхой хэлбэл, автомат цооногийн мэдээллээр 2016 оноос хойш хоёр жил гаруйхны хугацаанд гүний усных нь түвшин 2-2,5 метрээр доошилчихоод байна. Энэ баримт бол Завхан аймаг хэвлийгээсээ хатаж эхэлснийг батлах хангалттай баримт юм. 

Ус ашиглах гэрээнд тусгаснаар “Баян Айраг Эксплорэйшн” компанийн жилийн нийт хэрэглээ хоногт 280 мянган шоометр гэж тэмдэглэжээ. Үүнд технологийн, унд ахуйн, биологийн нөхөн сэргээлтийн, замын тоосны гэсэн хэрэглээнүүд багтжээ. Тэгвэл одоо нэг тоо бодъё. Их хайрханы хөндийд гаргасан гурван худгийн гүн нь 90-155 метр. Харин ундарга нь литр секундэд 0,45-15-ханаар хэмжигдэж байна. Энгийнээр тайлбарлавал, гүний усны ундарга гадаргын уснаас хэдэн зуу дахин бага байдаг. Жишээ нь, голуудын урсац секундэд дунджаар 500 литрээр хэмжигддэг гээд бодоход харьцуулж жишихийн аргагүй ялгаа харагдаж байгаа биз. 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын гүний усны түвшин яг энэ байдлаараа доошилж, багассаар байвал тун удахгүй амьдрал зогсоно. Бүр тодорхой хэлбэл, хэдхэн жилийн дараа Дөрвөлжин сум ундны усны нөөцөө шавхсан сум болох нөхцөл бүрдчихээд байна. Чухам тэр үед усгүй нутгаас дайжин дүрвэхээс өөр гарц үлдэнэ гэж үү. Ундны усны нөөцөө шавхаж, онц байдал зарласан нутгаар албан ёсоор бичигдэх үндэс хэдийн тавигдчихаад байна. Сүржигнэлээ гэж бүү бодоорой.

Дөрвөлжин сум 150 гаруй мянган малтай. Тэр дундаа ямааны ноолуур нь сайн чанартайд тооцогддог бөгөөд өнгөрсөн хавар 40 тонн ноолуур самнажээ. Энэ нь дунджаар 40 тэрбум төгрөг болсон байна. Харин залуус нь мал аж ахуй эрхлэхээс зугатаж, малчид залгамж халаагүй болж эхэлсэн нийтлэг төрх ялангуяа уул уурхайтай аймаг, сумдад илүүтэй үзэгдэж байна. Монголын, Завханы Дөрвөлжин сумын алт эрдэнэсийг зөөж дуусахад энэ нутагт чухам юу үлдэх бол. Тэр тусмаа Завхан аймгийн Дөрвөлжин сумын гүний усны түвшин жилээс жилд дундран доошилж эхэлсэн нь цаашид энэ аймаг орших уу, эс орших уу гэдэг асуудал хөндөгдөнө. Их хайрханы хөндий нь усгүйдэн хатаж, үхлийн хор цианит натри тархахдаа тулчихаад байгаа нь онц байдал зарлах хэмжээний аюул биш гэж үү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Арц суурын нүүрс

0  |  0
ах(203.91.112.130) 2019 оны 07 сарын 08

цэрэнбат гахай ажиллаа хийгээ ч шуналын хүүдий харахаас бөөлжис хүрч байнав

1  |  0
Top