Улс орны иргэдийн үзэл бодол, нийгмийн төлөвшлийг иргэний нийгмийн байгууллагууд тодорхойлдог хэмээн олон улсын судлаачид дүгнэдэг. Өөрөөр хэлбэл иргэн та бидний үзэл бодлыг иргэдийн хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй үйлдэл шууд тодорхойлно. Олон улсын жишгээр бол төрийн алдаатай бодлого шийдвэрийг иргэний хөдөлгөөнийхөн залруулах, сануулахад оролцох үүрэгтэй бол нөгөө талаас иргэний нийгмийн байгууллага хэт давамгайлбал төрийн үндсэн байр суурь алдагддаг аж.
Харамсалтай нь, өнөөдөр манай улсад иргэний хөдөлгөөнийхөн гэх нэр зүүгсэд энгийн иргэдийн үзэл бодлыг хүргэх байтугай галзуу солиотой мэтээр харагдуулж эхэллээ. Төрийн ордны гадна арц хүж уугиулж, хэц хэнгэрэг дэлдэхээс эхлээд хутга сэлэм зүүж сошл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийг элдэв зүйлд турхирагсад дэндүү олширчээ.
Хамгийн сүүлийн жишээг дурдвал, өөрийгөө Өэлүн эх хэмээн өргөмжилсөн зураач Л.Өнөрчимэг энэ сарын 18-ны өдөр “Гүрэнт Монгол” иргэний хөдөлгөөнтэй хамтран “Хужаа нарыг эх орноосоо хөөе” гэх уриалга гарган Налайхын уурхайн 51 хятад ажилтанд дарамт үзүүлэн, бичиг баримтыг нь хураан авсан явдал байлаа.
Хуулиараа бол иргэний хөдөлгөөн, нэг иргэн бус төрийн холбогдох эрх бүхий байгууллага шалгалтын ажиллагаа явуулах ёстой. Гадаадын иргэний визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харьяатын газрын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс зөрчлийг холбогдох газарт мэдээлэх үүрэг хүлээдэг байна.
Гэтэл иргэн Л.Өнөрчимэг нар нь төрийн байгууллагын нэрийг барьж, гадаадын иргэдийн баримт бичгийг хууль бусаар хураан авсан нь өөрөө улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болжээ. Тиймээс нийслэлийн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дээрх асуудлыг шалгахад, Л.Өнөрчимэгийн хураан авсан хятад ажилчдын бичиг баримт зөрчилгүй байсан хэмээн мэдээлж байна. Монголд ажиллаж буй БНХАУ-ын иргэдэд дарамт учруулж буй түүний үйлдэл удаа дараагийнх бөгөөд өмнө нь хэд хэдэн уурхайд очиж, дээрх үйлдлийг гаргасан байдаг ажээ.
Ийнхүү Монгол Улсын хууль сахиулах байгууллагын дээгүүр алхаж, хэрээс хэтэрсэн үйлдэл гаргагчид ганцхан түүгээр дуусахгүй. Энэ явдлыг нөгөө талаас нь харвал улсын хууль сахиулах байгууллагууд чиг үүргээ ямар хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Хэрэв хууль сахиулах байгууллага мэргэжлийн үйл ажиллагаагаа чанартай явуулж ирсэн бол өнөөдөр хэн дуртай нь төрийн байгууллагын нэр барин ийн дураар аашилж явахгүйсэн. Тиймээс одоо л хууль, хяналтын байгууллагууд үүргээ гүйцэтгэж, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага гэсэн сүржин нэрэн дор дураар аашилж буй тэдний зохимжгүй үйлдлүүдийг таслан зогсоох шаардлага бий болоод байна. Үгүй бол цаашид ганц нэг иргэн бус хэдэн арваараа хууль ёсны эсрэг хүйтэн зэвсэг агсаж, босоход хэдийн бэлэн болоод байгааг тэдгээрийн зохимжгүй үйлдлүүдийг алга ташин дэмжих хэсэг бүлэг хүмүүсээс бэлхнээ харж болохоор байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хуулийн байгууллага иргэдээсээ хоцорч байгааг харуулж бна уу даа. Мөн зарим нэг нь авилга хахууль авчихаад нүд нь балай чих нь дүлий явж мэдэх л харагдаад бдаг. Хяналт гэх юмгүй, энэ тэнд бүлэг хэсгээрээ нийлсэн хятад, вьетнам, солонгос нь мэдэгдэхгүй юмнууд орой үдшийн цагаар нийлж цуглардаг байж магадгүй. Ялангуяа хотын зах хавиар...
Хууль сахиулах байгууллага нь хээл хахуульд авдагдаж байсан бол яахав,дээгуур нь алхах нь гарч байгаа нь сайн Юм. Хуулиа зов хэрэгжуулбэл хэнч дээгуур нь алхахгуй шуу!
Хууль сахиулах байгууллага нь хээл хахуульд авдагдаж байсан бол яахав,дээгуур нь алхах нь гарч байгаа нь сайн Юм. Хуулиа зов хэрэгжуулбэл хэнч дээгуур нь алхахгуй шуу!