Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт ховор амьтны жагсаалтад багтдаг цоохор ирвэсийг агнасан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, Өлгий сумын иргэн “Т” нь цоохор ирвэсийг агнаж, түүний нойтон арьс болон бусад түүхий эдийг худалдахаар хадгалсан үйлдлийг Баян-Өлгий аймгийн Тагнуулын болон Цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Урьдчилсан шалгалтаар иргэн “Т” уг хэргийг Дэлүүн сумын нутагт үйлдсэн болохыг тогтоожээ. Одоогоор цоохор ирвэсийн арьс, эд зүйлсийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Цоохор ирвэс” нь 22.000.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )