"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэм цуцлагдсан эсэхийг АСУУВ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

УИХ дахь АН-ын дарга С.Эрдэнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм үргэлжилж байгаа эсэх талаар асуулга тавьсан байна.

Уг асуулгад "Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэт" үйлдвэрт 150 сая ам.долларын нууц гэрээ хийгдсэн тухай мэдээлэгдсэн. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019.09.03-ны өдөр  “Эрдэнэт үйлдвэрт 150 сая долларын нууц гэрээ хийсэн эсэхийг шалгуулна” гэж мэдээлжээ. Улсын Бага Хурлаас 1991.01.04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэрэгжүүлж, Таны тэргүүлсэн Засгийн газар 2019.03.06-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-нд Онцгой дэглэм тогтоох тухай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зургаан сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтад ажиллах болсон. Гэвч Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтад ажиллаж байгаа гэх Эрдэнэт үйлдвэр ХХК-нд олон сая долларын гэрээ байгуулагдсан байхад мэдэхгүй, шалгуулна гэж байгаа нь хариуцлагаас зайлсхийхийг оролдсон туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж үзэж байна. Улсын Бага Хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай...” гэж заасан.

Гэвч Таны тэргүүлсэн Засгийн газар хуулиар олгосон онцгой эрх эдэлсэн боловч, хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлсэнгүй. Тодруулбал  Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн талаар өнгөрсөн зургаан сард Улсын Их Хурал, олон түмэнд мэдээлсэнгүй. Иймд Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т тус тус заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурал /Улсын Бага Хурал/ болон олон нийтэд мэдээлнэ үү. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т  “...тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө Монгол Улсын Бага Хуралд оруулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. Монгол Улсын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасан.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-нд тогтоосон онцгой дэглэмийн хугацаа 2019.09.06-ны өдөр дуусгавар болсон. Гэвч онцгой дэглэм тогтоосон хугацааг сунгах эсэх асуудлыг УИХ /Улсын Бага хурал/-д оруулж, шийдвэрлүүлсэнгүй. Иймд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-нд онцгой дэглэм тогтоох нөхцөл байдал арилсан эсэх талаар УИХ-д мэдээлнэ үү" гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.31.115.132) 2019 оны 09 сарын 09

huulind zaasan baga hural ni bhgui bgan bishuu ehleed huulia zas

0  |  0
Ховдог(122.201.21.240) 2019 оны 09 сарын 09

Ашиг сонирхолын зерчилтэй, агу их херенге менгетэй энэ хун УИХ-н гишууний ууднээс уу? уж идэхийн ууднээс энэ асуулгыг тавин уу? Хардах эрх надаю байгаа гэж бодсоны ууднээс бичивээ гэж... кккк

0  |  0
zochin(122.201.31.246) 2019 оны 09 сарын 09

ene nukhur erdeneted yasan ikh sanaa zowj baynaa

0  |  0
Top