“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Оюут” ордын нарийвчилсан хайгуулыг дуусгаж, ашиглалтад бэлтгэх судалгааны ажлыг гүйцэтгэлээ

Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил тогтвортой ашиглагдах геологийн нөөцөө 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан. Энэхүү амжилт нь олон арван жилийн хайгуул, судалгаа, инженер техникийн бодит тооцоо, эрдэм шинжилгээний ажлын үр дүн билээ.

2025 онд Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай, 357.0 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарласан нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал бөгөөд Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо улам батжуулж чадсан юм.

 

Баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцүүдийг жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай болгон шинэчлэв

2025 оны 01 дүгээр сарын 16-нд Нунтаглан баяжуулах хэсгийн 3-р секцийн 48ш флотомашиныг, 07 дугаар сарын 02-нд 2-р секцийн 48ш флотомашиныг АНУ-ын FLSmidth компанийн тус бүр 11ш флотомашинаар шинэчлэснээр ашиглалтын болон цахилгаан энергийн зардал 10 хувиар буурч, жилд 1 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлсэн.

 

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг шинэчлэн, ашиглалтад хүлээн авлаа

 

Нунтаглан баяжуулах хэсгийн 28 жил ажиллаж, бүрэн элэгдэлд орж,  ашиглалтын хугацаа дууссан МШЦ-5.5х6.5 маркийн 5-р тээрмийг БНХАУ-ын CITIC компанийн тээрмээр шинэчиллээ. Энэ нь 2016 оноос авч хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлтийн бодлогын хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхтэй уялдуулсан цогц ажлын нэг хэсэг юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2016 онд 32 сая тонн, 2022 онд 38 сая тонн, 2024 онд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшсэн. Хүчин чадлын өсөлтийг хангаж, үйлдвэрлэлийн тоо хэмжээг бууруулахгүйгээр энэхүү шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

 

Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн төслийг эхлүүллээ

Хүдэр дэх металлын агуулга огцом буурч, хүдрийн агуулга нэмэгдэж буйтай холбогдуулан, гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалахын тулд 1978 онд анх ашиглалтад орсон, 20 сая тонны хүчин чадалтай хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын том бутлалтын бутлуурыг шинэчилж, технологийг сайжруулах шаардлагатай болсон. Ийнхүү тус шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 40 сая тонн болгох бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүллээ. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын барилгын ажил хасах 32 метрийн гүнд хийгдэж, дээр нь 28 метр өндөр буюу нийт 20 гаруй давхар байшинтай тэнцэх хэмжээний 60 метр өндөр барилга баригдах юм.

Энэ шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж, хүдэр боловсруулалтын хэмжээг жилд тогтмол 40 сая тонн-д барих боломж бүрдэх бөгөөд цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг 7%-аар бууруулж, орд ашиглалтын нийт хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ.

Мөн Баяжуулах үйлдвэрийн шинэчлэлийн төслийн хүрээнд Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон төслийн ажлууд амжилттай хэрэгжиж байна. Эдгээр төслүүд нь жилээс жилд буурч байгаа хүдэр дэх металлын агуулга болон өсөн нэмэгдэж буй хүдрийн хатуулгийн эсрэг үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болох Зэс болон молибдены баяжмал гаргалтын хүрсэн түвшнийг хадгалж, бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах юм.

 

Үйлдвэрлэл, технологийн паркад барьж байгуулах дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж, шинэ үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, батлууллаа

Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдэд зориулан ачиж буулгах өндөрлөсөн болон нам тавцан бүхий 1520 мм царигтай 4.4 км урт төмөр зам болон 25.6 км урт цэвэр усны хос дамжуулах, түгээх шугам хоолой, зохицуулах 2 ширхэг 500 м3 багтаамжтай усан сан, цэвэр усны өргөлтийн насосын станц, 23.8 км урттай бохир усны өөрийн урсгалтай болон даралттай ариутгах татуургын шугам хоолой, бохир усны 6 ширхэг өргөлтийн станц зэргийг барьж байгуулан, 2025 онд ашиглалтад бүрэн оруулаад байна.

Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”, “Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр”, “Кабель утасны үйлдвэр”-ийн Техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулан, батлууллаа.

 

Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO:50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв

Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO:50001 стандартыг нэвтрүүлэх, цаашдаа стандартыг сайжруулалт хийж эрчим хүчний үр ашигтай, хэмнэлттэй ажиллана.

 

Эрдэнэт үйлдвэрийн баг, тамирчид Уурхайчдын Спортын Их наадмыг манлайллаа

“Эрч хүч - Эв нэгдэл” уриан дор Эрдэнэт хотноо гурван өдөр үргэлжилсэн Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид илт давуу амжилт үзүүлэн, “Алтан цом”-ын эздээр тодорлоо.

 

Хиймэл оюунд суурилсан худалдан авалтын TenderEval, байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP цахим системүүдийг нэвтрүүллээ

Байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP системийг дотоодын нөөц бололцоогоор хөгжүүлж нэвтрүүлэх төслийн үр дүнд Худалдан авалт, хүний нөөц, баримт бичиг, гэрээ, цаг бүртгэл, чанарын хяналтын модулиуд 100 хувь бүрэн нэвтэрч, Санхүү, агуулах, цалин, ХАБЭА-ын хөгжүүлэлтүүд 30-80 хувийн гүйцэтгэлтэй, Системийн интеграци амжилттай хийгдэж, олон төрлийн дотоод, гадаад системүүдтэй холбогдсон бөгөөд Худалдан авалт, Хүний нөөц зэрэг үндсэн үйл ажиллагааны процессууд бүрэн автоматжсан. Худалдан авалтын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдааг бууруулах, авлига, ашиг сонирхлоос ангид байх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан тендерийн үнэлгээний системийг нэвтрүүлэх судалгааны ажлыг 2022 оны 8 дугаар сараас эхлүүлж 2024 онд туршилтын байдлаар нэвтрүүлж, 2025 оны 07 сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж эхэлсэн. TenderEval систем нь үйлдвэрийн газрын ERP системтэй нягт уялдан ажилладаг бөгөөд худалдан авах үйл ажиллагааны бүх процесс цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

 

Тогтвортой уул уурхайн төлөө (TSM) стандартыг нэвтрүүлж буй Монголын анхны төрийн өмчит үйлдвэрийн газар боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018, Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартуудын баталгаажуулалт хийлгэсэн. Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 14001:2016, Эрчим хүчний менежментийн тогтолцооны MNS ISO 50001:2019, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO 22000:2019, эрсдэлийн менежмент – Эрсдэлийн Менежмент – Удирдамж MNS ISO 31000:2020, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны MNS ISO 37001:2024, Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандарт “Тогтвортой уул уурхайн төлөө/Towards sustainable mining (TSM) стандартуудыг төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Цаашид нийцлийн менежментийн тогтолцооны MNS ISO 37301:2022, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO/IEC 27001:2023, Нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO 26000:2012 стандартуудыг цаашид хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн шаардлага өсөн нэмэгдэж буй энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн Монголын анхны төрийн өмчит үйлдвэрийн газар боллоо. Энэ хүрээнд Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, Канад Улсын Уул уурхайн ассоциаци хамтран Эрдэнэт хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа.

 

Уул уурхай, материал судлал, инженерчлэл, менежментийн чиглэлээр судалгааны өргөн хүрээг хамарсан анхны олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

"Эрдэнэт цогцолбор" дээд сургууль нь 50 жилийн ойн хүрээнд "ESSEM-2025" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Хуралд гадаадын 6 орноос буюу Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, АНУ-аас болон ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцсон. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий инженер, доктор (Ph.D) Т.Батмөнх "Зэс-порфирын ордын эрдсийн хам урвалж, хатуулгаас хамаарах баяжуулах технологийн судалгаа", Японы Нагаокагийн технологийн их сургуулийн профессор, доктор (Ph.D) Макото Нанко "Эрдэнэт үйлдвэрийн хатуу хайлшны хаягдлыг дахин боловсруулах судалгаа", "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Б.Пүрэвдорж "Их хромт цагаан ширэмний ашиглалтын боломжийг өргөжүүлэх судалгаа" зэрэг нийт 19 аман илтгэл, 3 онлайн илтгэл, 13 ханан илтгэл хэлэлцэгдсэн.

 

Хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээг түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүргэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь Үйлдвэрийн газрын түүхэн 47 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт болсон. Энэ онд нийт 574,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргалаа.

 

Эдийн засгийн түүхэн дээд амжилт үзүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанканд борлуулж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь түүхэн дээд амжилт боллоо. Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж, техник технологи, хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд бид түүхэн дээд амжилтын эзэд боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top