“Эрдэнэс Монгол” нэгдэл төв асартаа албан ёсны нээлт хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

 

“Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн дор зохион байгуулж буй “Mining Week & MinePro 2025” Олон улсын уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн асар албан ёсоор нээгдлээ. Тус нэгдлийн харьяа төрийн өмчит 30 гаруй үйлдвэрийн газар, компани уул уурхайн 7 хоногт оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, зорилго төлөвлөгөөгөө танилцуулан сурталчлахаар “MinePro 2025” үзэсгэлэнд оролцож байна.

Үзэсгэлэнгийнхээ үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нээж, уул уурхайн долоо хоногт үр дүн, амжилт хүслээ. Мөн тэрээр харьяа компаниудын амжилт ололтоос дурдахдаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг онцолсон. Тус үйлдвэрийн хэрэгжүүлж буй том төсөл хөтөлбөр, ялангуяа геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд “Оюут” шинэ орд газарт өрөмдлөгийн ажлыг амжилттай хийж дууссаныг тэмдэглэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн төв асарт “Нэгдлийн стратеги, бүрэлдэхүүн компаниудын оролцоо, стратегийн тусгал”, “Хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах зарчим, бодлого” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг үргэлжилж байна. Эхний хэлэлцүүлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш панелистаар оролцож, мэдээлэл хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top