ФОТО: Замын цагдаагийн гүүрний үндсэн хөдөлгөөнийг нээлээ  

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсэг буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрний үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр /2019.09.16/ нээлээ.

БНХАУ-ын Засгийн газрын 42,38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй тус гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын "20 дугаар товчоо" групп, зөвлөхөөр "Ростов" ХХК ажиллажээ.
 

“ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УУЛЗВАРЫН ТҮГЖРЭЛИЙГ 30 ХУВИАР БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ”
 

Нээлтийн ажиллагааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “1,5 сая хүн амтай түүнийхээ гуравны нэгтэй тэмцэх хэмжээний 500 гаруй мянган автомашинтай нийслэл хотод бид мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байна. Бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол автомашины түгжрэлд та бидний эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, цаг хугацааны дайсан болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Засгийн газар нийслэлийн удирдлагын хэмжээнд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсад шинэ дэвшилтэт технологи, хийц шийдэл бүхий олон түвшний огтлолцдог гүүрэн зам барих ажлын захиалагчаар нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, хяналтын зөвлөхөөр "Ростов" ХХК ажиллаж байна.

Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх, нийслэлийн  автозамын хөгжлийг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр Яармагийн олон түвшний огтлолцол, Баянзүрх дүүргийн дөрвөн эгнээ гүүр, Сонсголонгийн дөрвөн эгнээ гүүр, Замын цагдаагийн ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих болон Налайхын чиглэлийн 20,9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 26,7 км авто зам, гурван км гаруй гүүрэн байгууламжийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

Өнөөдөр үндсэн зорчих хөдөлгөөнийг нээж буй энэхүү байгууламжийн хувьд 470 метр урт, дөрвөн  эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рампууд, Сэлбэ гол дээрх гүүр, нийт 1,1 км гүүрэн байгууламж, 2,5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрдэнэ. Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллын бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” гэлээ.



"ДУТУУ, ДУЛИМАГ ЗҮЙЛҮҮДЭЭ ОЙРЫН ХУГАЦААНД  ХИЙЖ ДУУСГААРАЙ"
 


Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би саяхан нийслэлийн иргэд таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрүүлж байна гэсэн судалгаа харсан. Энэ мэдээж түгжрэлтэй холбоотой. Нийслэлийг анх байгуулахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн байдаг. Одоо бол 1.5 сая хүн амтай хот болсон. Хүн амын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, хот өргөжин тэлж байна. Гэхдээ том бүтээн байгуулалтыг дагаад түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал гарч байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Энэ ажлыг удирдан зохион байгуулж хийсэн бүх хүмүүст, замыг барьсан Хятадын төмөр замын "20 дугаар товчоо" групп, туслан гүйцэтгэгч нарт чин сэтгэлээсээ талархаж байна.

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцан энэ сайхан бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаад маш их баяртай байгаа. Хамгийн гол нь энэ гүүрийг барьж байгуулсан хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа нийслэл иргэдийнхээ өмнөөс хэлэхийг хүсэж байна. Дутуу, дулимаг зүйлүүдээ ойрын хугацаанд, энэ ондоо багтааж хийгээд дуусгачихвал нийслэлийн өнгө үзэмж, бөглөрөл, ард иргэдийг аюулгүй зорчиход ач тусаа өгнө” хэмээлээ. 
 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Bayasgalan(202.9.42.133) 2019 оны 09 сарын 16

Yamar guur neegeed bn aa duusaagui guuren geer tuuz haichlaad

0  |  0
Top