Онцгой байдлын ерөнхий газраас Монгол уулчдын үндэсний холбоотой хамтран өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны “УЭХАА-19.1” сургалт дадлагыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Сутай ууланд энэ сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалт дадлагын удирдагчаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр ажилласан бөгөөд сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч хамрагдсан байна.
ОБЕГ болон Монголын уулчдын нэгдсэн холбооны сургагч багш нар танхимын болон дадлага гэсэн хоёр төрлөөр сургалтыг удирдан явууллаа. Мөн “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах журам”-ын төслийг хэлэлцүүлж, санал солилцсон юм.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын 38 алба хаагч, Монголын уулчдын үндэсний холбоо болон Тонхил суманд байрлах “Сутайн бор” клубын тамирчидтай хамтран Сутай уулын оргилд 4205 метрийн өндөрт авиралт хийж, Монгол Улсын төрийн далбаа болон Онцгой байдлын байгууллагын тугийг мандууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )