У.Хүрэлсүх: Шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэл хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд болж байна. 800 гаруй эрдэмтэн, судлаач салбарынхаа ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэн төрөөс батлан хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох юм.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар “шинжлэх ухаанаа дэмжинэ”, “шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ” гэж амладаг ч “мөнгөтэй болохоороо дэмжинэ” гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Монгол хүн оюуны өндөр чадавхитай гэдгийг дэлхийд харуулж байгаа  өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна.  Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв.

Шинжлэх ухааны салбарт 4300 орчим хүн ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм. Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top