Д.Ганзориг тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ийнхүү өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо.

Хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигийг уншиж танилцуулав. Үүний дараа тэд Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийллээ. Мөн  хошууч генерал А.Ганбат амжилт хүсээд тамгаа гардуулан өглөө.

ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.164.43) 2019 оны 10 сарын 04

Зи Энхболдд ЗХЖШ-ын удирдлагуудыг халж сольж жинхэнэ холин бантанг нь хутгаж байна даа. Ерөнхийлөгч боловсрол нимгэн хүн болохоор Зи ч ёстой өөрийхөө тоглолтыг хийх юмаа

0  |  0
Top