Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.10.08/ Байгалийн түүхийн музейд ажиллаж, тус музейн барилгын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр мэдээллийн эхэнд Байгалийн түүхийн музейн барилга зориулалтын хувьд “музейнх биш”, 1952 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан гэдгийг тодотгов. Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох тухай А/173 тоот тушаалыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан байдгийг танилцуулж, улмаар буулгах, шинээр барих зураг төслийн ажил тус ондоо эхэлсэн гэлээ.
Дараа нь ШУТИС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөс гаргасан техникийн дүгнэлтийг хийсэн шинжээч З.Биндэръяа “Барилгын тоосго нь газар хөдлөлтийн нормоор 75 марктай байх ёстой. Гэтэл 50 байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг килограмм тоосго 75 кг ачаа даах ёстойгоос 50 кг ачаа дааж байна гэсэн үг. Мөн тоосго наасан зуурмаг 25 маркаас дээш байх ёстой байтал 10 марк байсан. Тэр цагаас хойш тоосго нь чийгшээд, нураад унаж байна. Энэ барилгын хучилт модон, суурь нь чулуу байгаа. Гэтэл өнөөдөр чулуун суурьтай барилга ашиглалтын шаардлага хангахгүй, хүчитгээд нэмэр болохгүй. Бараг хүчитгэл хийхээр бол шинээр хэд хэдэн сургууль барих зардал орно” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл музейн барилгын талаар тайлбарлахдаа “Манай байгууллагаас Байгалийн түүхийн музейн барилгад хоёр удаа дүгнэлт гаргасан. Үүнд 2012 онд нэг дүгнэлт, 2013 онд үйл ажиллагааг нь зогсоох акт тавигдсан юм. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа явуулах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга гэдэг акт тогтоосон. Байгалийн түүхийн музейн барилгыг хүчитгэх боломж байхгүй. Барилгын суурийн тоосгонууд нь үйрээд унасан, даацын хана нь бүгд босоо хагарал, цууралттай үүссэн байгаа” гэсэн юм.
Эцэст нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ирэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс жадлан эсэргүүцэж, ажил гацааж байна. Тиймээс Төсөвт зохицуулалт хийж, дээрх 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах тухай санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
ХАА ЕРӨНХИЙ САЙДААСАА ТОМ ТОЛГОЙ ГАРЧ ИРЛЭЭ ТЭГЭЭД ДЭЭР ХӨГИЙН МОДЕЛЬ ҮЗҮҮЛЭЭД ЗАГНУУЛААД ЗОГСОЖ БАЙХДАА ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ? ТЭГЭЭД ОДОО БҮХ МӨНГИЙГ СОНГУУЛИЙНХАА ШОУНД ЗОРИУЛАХ УУ АА.