Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь уралдаант наадмын анхан шатны шалгаруулалтыг нийслэлийн есөн дүүрэгт амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь шатны шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.10.15/ Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны ерөнхийлөгч О.Эрдэнэцог, НДУБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, хормейстер А.Ариунзаяа, Монгол Улсын консерваторийн хормейстер багш Л.Баярмаа нар мэдээлэл хийв.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь удаагийн уралдаант наадмын анхан шатны шалгаруулалт нийслэлийн есөн дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулж, өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг найрал дууны уралдаанд энэ удаа есөн дүүргийн 78 сургуулийн 8000 орчим сурагчид 250 гаруй багш авъяас, чадвараа сорин оролцож, нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойдоо бэлэг барилаа” гэв.
Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг аравдугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах бөгөөд тус шалгаруулалтад анхан шатны шалгаруулалтаас шалгарсан 19 сургуулийн 1700 гаруй хүүхэд оролцох юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )