Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж салбарын салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэл болоод цэцэрлэгийн хүртээмж, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтаа танилцуулсан юм.
Уулзалтуудын эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Хичээлийн жил эхлээд удаагүй байгаа ч салбарынхаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого орон нутагт хэрхэн өрнөж байгаа талаар болон Дорнод аймгийн боловсрол, соёл, спортын байгууллагуудыг үйл ажиллагаанд тулгарч буй асуудалтай газар дээр нь танилцахаар ирлээ.
2019 онд манай яам гурван том зорилт тавин энэ оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Нэгдүгээрт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, гуравдугаарт салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьж байна. 2019-2020 оны хичээлийн жилд 21 мянга 420 хүүхдийн хүчин чадалтай 48 сургууль, 13 мянга 140 хүүхдийн хүчин чадалтай 93 сургууль ашиглалтад орлоо. Энэ жил түүхэндээ хамгийн их сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орж байгаа жил болж байна.
Багш нар ажлын цагийнхаа 63 хувийг бусад ажил хийхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан. Тухайлбал, тэмцээн уралдаанд оролцох, олимпиадад сурагчдаа бэлтгэх, орон нутгаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд багш нарыг дайчлагдах тохиолдол түгээмэл байдаг. Тийм учраас энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийсэн. Бага ангийн сургалтын хөтөлбөрийг 35.5 хувь, дунд анийн сургалтын хөтөлбөрийг 8.7 хувь, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн 9.2 хувиар бууруулсан. Иргэний боловсрол, Хүн байгаль, Хүн нийгэм гэсэн гурван хичээлийн агуулгын давхардлыг арилгахын тулд нэгтгэж, “Монгол ёс, хүмүүжил”-ийн хичээл болгосон. Ингэснээр бага болон дунд ангийн хичээлийн ачаалал 20-30 хувь, ахлах ангийн сурагчдын ачаалал 10 хувь буурна гэж үзэж байна.
Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг шинэчилж баталлаа. Өмнө нь бага анги 32-33, дунд, ахлах анги 35 долоо хоног хичээллэдэг байсныг бага анги 32, дунд, ахлах анги 33 долоо хоног хичээллэхээр тусгасан. Ингэснээр багш, сурагчдын ачаалал буурч, сурагчдын зуны амралт бага анги тавдугаар сарын 30-аас, дунд, ахлах анги зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхэлнэ.
Сурах бичгийг зах зээлд худалдаалахгүй,сургуулиас сурагчдын гарт хүргэхээр ажиллаж байна. Ингэхдээ бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн зорилтот бүлгийн сурагчдыг сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгээр төрөөс хангана. Харин дунд, ахлах ангийн бусад сурагч ашиглалтын хураамж төлөөд сургуулийнхаа номын сангаас сурах бичгээ авч ашигладаг болно. Нэг жилд хэрэглэгдэх бүх сурах бичгээ багцаар нь хоёр номын үнээр түрээсэлнэ гэсэн үг” хэмээн хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагнасан юм.
ДОРНОД АЙМГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Дорнод аймгийн Чойбалсан хотын Хөгжимт драмын театрт тус аймгийн боловсрол, соёл, спортын салбарын төлөөлөл болсон 500 гаруй ажилтан, албан хаагчид ирсэн байв.
Тэд Дорнод аймгийн гурван сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгааг багш нар хэлж байв. Мөн цэцэрлэг, нийтийн номын сан, драмын театрын удирдлагууд байгууллагуудынхаа барилгын засвар, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, тэтгэврийн нас, цалин, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг хүсэж байсан юм. Дорнод аймагт энэ онд хэрэгжиж буй төсөл арга хэмжээнүүд 2020 онд бүгд хэрэгжиж, ашиглалтад орно гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг онцлон хэлж байв. Мөн ирэх онд Чойбалсан хотын 12 дугаар сургуулийн дээврийн засвар, есдүгээр цэцэрлэгийн техник, тоног төхөөрөмж, Аймгийн нийтийн номын сангийн уншлагын танхимын засвар зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.
Мөн багшийн ачааллыг бууруулах чиглэлд анхаарч байгаад багш нар талархалтай байгаагаа хэлэв. Тухайлбал, олон төрлийн уралдаан, тэмцээнийг хязгаарлаж, цахим журнал хэрэглэх журмыг тодорхой болгож, хичээлийн жилийн бүтэц, амралтын хуваарийг хот, хөдөөгийн нөхцөлийг харгалзан уян хатнаар тогтоож өгсөнд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
СҮХБААТАР АЙМГИЙН ХАЛЗАН СУМД 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАЖ БАЙНА
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гарагт Сүхбаатар аймагт ажилласан юм. Уулзалтад аймгийн боловсрол, соёл, спортын салбарын төлөөлөл 500 гаруй ажилтан, албан хаагч хүрэлцэн ирэв. Тус аймгийн боловсрол, соёл, спортын салбарын төлөөллүүд орон нутгийн соёл урлагийн байгууллагын хүний нөөцийг нэмэгдүүлэх, зарим сургуульд Хими, Физикийн хичээлийн лаборатори байгуулах шаардлагатай байгааг салбарын сайдад уламжилсан юм. Сайд Ё.Баатарбилэг материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр дэмжих, Соёл, спортын байгууллагуудыг унаажуулах, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах зорилт тавин ажиллаж байна гэлээ.
Мөн нийгмийн оюун санааны зүрх, тархи болсон салбарт ажиллаж буй та бид соён гэгээрүүлэх үйл хэрэгт манлайлж ажиллах ёстой гээд хандлагаа өөрчилж ажиллахыг салбарын сайд уриаллаа. Энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг хөрсөнд буулгаж, багш, сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайруулах олон чухал зорилт байгааг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын дараа тус аймгийн Халзан сумын бүтээн байгуулалттай танилцсан юм. Тус сумын цэцэрлэг 1974 онд баригдсан зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин энэ онд нэг тэрбум 58 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилттэй барилгын ажлыг эхлүүлжээ. Барилгын ажлын явц 35 хувьтай байсан юм. Сайд Ё.Баатарбилэг хүүхдийн төлөө барьж буй бүтээн байгуулалтын нэг ширхэг тоосгыг ч сэтгэлээсээ өрөхийг уриалсан юм.
СПОРТ, ТЕАТРЫН БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГАТАЙ БАЙГАА АВТОМАШИНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ням гарагт Дорноговь аймагт ажиллаж, салбарынхаа ажилтан, албан хаагчидтай уулзав. Багш нарын зүгээс орон нутгийн сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдын хараа хяналтыг сайжруулж, хүмүүжил төлөвшилд анхаарах, багш бэлтгэх тогтолцоо, ялангуяа цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтыг чанаржуулах, багшийн тэтгэврийн нас, цалин, нийгмийн хангамжийг сайжруулахад бодлогын ахиц гаргахыг салбарын сайдаас хүслээ.
Эдгээр асуудлуудыг сайд шат дараатай шийдэхээ хэлээд Спорт, театрын байгууллагуудад зайлшгүй шаардлагатай байгаа автомашины асуудлыг шийдэх, Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг шат дараатай дэмжихээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )