2020 онд ХЗДХЯ хар тамхитай тэмцэх 58 албан хаагчаар бүл нэмнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны төсөв 538.3 тэрбум төгрөгөөр баталсан, төлөвлөгөөт ажлууд хэрэгжиж байгааг сайд Ц.Нямдорж танилцуулсан. Үүссэн нөхцөл байдлыг харгалзан зарим орон тоо нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яам УИХ-аас баталсан төсвийн хязгаар, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд асуудлыг авч үзээд 606 орон тоо нэмэгдүүлэх, НДШ-ийг 41 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын түвшинд экологийн цагдаа бий болгохоор шийдвэрлэж 146 орон тоо, хар тамхитай тэмцэх албанд 58 орон тоо нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Хил хамгаалах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн тодорхой тооны орон тоо нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухайд 215.2 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн, 48 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгуулсан байна. Үүнд шилжих хөрөнгө оруулалт, тодорхой тооны шинэ бүтээн байгуулалтууд бий гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Л.Болд, О.Батнасан, Х.Нямбаатар нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга хийлээ. Монгол Улсын нийт импортын 70 хувь нь нэвтэрдэг, өдөрт 8-10 мянган зорчигч дамжин өнгөрдөг Замын-Үүд сум, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагын хүчин чадал, орон тоог нэмэгдүүлэх асуудлыг Б.Дэлгэрсайхан гишүүн хөндөв. Хар тамхитай тэмцэх албанд шинээр нэмэгдэж буй орон тооноос багадаа 2-ыг, мөн экологийн цагдаагийн орон тооноос мөн тус аймагт тодорхой тоог хуваарилах саналыг гаргав. Мал амьдаар нь экспортлохгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор 20 гаруй мянган тооны мал тус сумын нутаг дэвсгэрт байгаа, бөөнөөрөө байгаа мал халдварт өвчинд гарах эрсдэлийг санууллаа. Хувийн байгууллагын мал бааз байгуулсан асуудлыг цагдаагийн ажилтан, албан хаагчид оролцож шийдвэрлэхгүй, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг салбарын сайд хэллээ. Экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн нь нөхөн сэргээлт хийгдээгүй, хууль бус уул уурхайн асуудалд төвлөрч ажиллах үүрэгтэйгээр байгуулагдаж буйг Ц.Нямдорж сайд тайлбарласан. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top