06-12 дугаар сар хүртэлх ОДОН ОРНЫ СОНИРХОЛТОЙ ҮЗЭГДЛҮҮД

2019 оны 11 сарын 18

2019 оны зургаадугаар сараас ирэх арванхоёрдугаар сар хүртэлх одон орны сонирхолтой үзэгдлүүдийг хүргэж байна.


6-р сар

6-р сарын 7-8 Ариетидын солирын урсгалын оргил үе. Цагт 60 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь жил бүрийн 5-р сарын 22-с 7-р сарын 2-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хонины одны орд.

6-р сарын 10 Нарны системийн хамгийн том гариг Бархасбадь Нартай эсрэг тохиолгод байрлаж Дэлхийгээс 640,87 сая км зайд оршино. Эсрэг тохиолго гэдэг нь Нар, Дэлхий, Бархасбадь нэг шулуун дээр ирэхийг хэлнэ. Энэ нь өнгөрсөн 2018 оныхыг бодвол арай ойрхон. 2018 онд гаригуудын хоорондох зай 658,23 сая км байсан юм.

6-р сарын 17 Сарны бүтэн тэргэлшил.

6-р сарын 21 – зуны Нар буцалт. Дэлхийн хойд хагаст хамгийн богино шөнө ба хамгийн урт өдөр болно.

6-р сарын 23 – Буд зүүн холдолт (элонгац)-д байрлана. Тухайн гариг нь Нарнаас хамгийн ихдээ 25,2° өнцөгт байрлах бөгөөд шөнийн тэнгэрт тод харагдах болно.

6-р сарын 30 Олон улсын бага гаригийн өдөр.


7-р сар

7-р сарын 2 Нарны бүтэн хиртэл болно. Бүтэн хиртэлт үргэлжлэх хугацаа 4 минут 37 секунд. Аргентин, Чили, Номхон далайн өмнө зүгийн нутгуудад ажиглагдана. Манай оронд ажиглах боломжгүй.

7-р сарын 10 – Санчир гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 1,35 тэрбум км зайнд орших бөгөөд бүхэл шөнийн турш ажиглах боломжтой.

7-р сарын 17 - сарны хагас хиртэл. Хиртлийг Европ, Африкийн ихэнх газруудаас гадна манай Монгол улсад ажиглагдана. Хиртэл 04 цаг 05 минутад эхэлж 05 цаг 33 минутад хамгийн их хэмжээндээ хүрээд 07 цаг 02 минутад төгсөнө. Энэ өдөр Улаанбаатарт Сар 21 цаг 11 минутад мандаад 05 цаг 11 минутад жаргана. Иймээс Улаанбаатарт энэ хиртлийн эхлэлийг ажиглаад төгсгөл хэсгийг харах боломжгүй.

7-р сарын 20 Саран дээр анх Аполлон 11 сансрын хөлгөөр буусны 50 жилийн ой.

7-р сарын 25 Хамгийн анхны эмэгтэй нисгэгч С.Е. Савицкая задгай сансарт гарсны 35 жилийн ой.

7-р сарын 28-29 - зүүн Дельта-Акварид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь 7-р сарын 12-с 8-р сарын 23-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хумхын одны орд.


8-р сар

8-р сарын 9 Буд гариг баруун холдолтын цэгт байрлана.
8-р сарын 12-13 Персеид солирын урсгалын оргил үе. Цагт 60 хүртэлх солир унана. Энэхүү солирын урсгал нь 7-р сарын 17-с 8-р сарын 26-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Персеид одны орд.

9-р сар

9-р сарын 10 Далай ван гаригийн эсрэг тохиолго. Энэ гаригийг шөнийн турш дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн Хумхын одны ордноос харж болно. Гэхдээ сайн чанарын өндөр нарийвчлалтай дурангаар харагдана. Энгийн ажиглагчийн дурангаар цэг л харагдах болно.

9-р сарын 23 – намрын тэнцлийн өдөр. Өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг өдөр.


10-р сар

10-р сарын 8-9 Драконид солирын урсгалын оргил үе. Солирын урсгалын идэвхжилт нь цагт ердөө л 10 солир ажиглагдана. Эх үүсгүүр нь 21P/Джакобини — Циннера сүүлт од. Энэхүү солирын урсгал нь 9-р сарын 10-с 11-р сарын 20-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Луугийн одны орд.

10-р сарын 20 Буд гаригийн зүүн холдолт (элонгац)-д байрлана. Тухайн гариг нь Нарнаас хамгийн их 24,6° өнцөгт байрлах бөгөөд шөнийн тэнгэрт тод харагдах болно.

10-р сарын 21-22 Орионид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир харагдана. Эх үүсгүүр нь Галлей сүүлт од. Энэхүү солирын урсгал нь 10-р сарын 2-с 11-р сарын 7-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Орион одны орд.

10-р сарын 28 Тэнгэр ван гаригийн эсрэг тохиолго. Арван сард Тэнгэр ван гаригийг ажиглахад хамгийн боломжтой сар юм. Гялалзал нь +5,6m тул бүхэл шөнийн турш тэнгэрийн хаяалбараас дээш харагдах болно.


11-р сар

11-р сарын 5-6 Таурид солирын урсгалын оргил үе. Цагт 5-10 солир харагдана. Эх үүсгүүр нь Энке сүүлт од. Энэхүү солирын урсгал нь 10-р сарын 20-с 12-р сарын 10-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Үхрийн одны орд.

11-р сарын 11 – одон орны ховор сонирхолтой үзэгдлийн нэг Нарны тэргэлийн наагуур Буд гариг ташааран өнгөрөх юм. Үргэлжлэх хугацаа 5 цаг 29 минут. Харагдах нутгууд нь: Европ, Африк, Хойд ба Өмнөд Америк, Ойрхи Дорнодод.

11-р сарын 17-18 Леонид солирын урсгалын оргил үе. Цагт 15 хүртэлх солир харагдана. Эх үүсгүүр нь 55P/Темпеля — Туттля сүүлт од. Энэхүү солирын урсгал нь 11-р сарын 6-с 11-р сарын 30-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Арслангийн одны орд.

11-р сарын 24 Бархасбадь ба Сугар гаригуудын тохиолго. Гаригуудыг нэг дор тэнгэрийн баруун хэсэгт нар жаргах үеэр харж болно.

11-р сарын 28 Буд гариг баруун холдолт (элонгац)-д байрлана. Тухайн гариг нь Нарнаас хамгийн их 20,1° өнцөгт байрлах бөгөөд тэнгэрийн мандалд тод харагдах болно. Нар мандахаас өмнө тэнгэрийн зүүн хэсэгт хайж болно.


12-р сар

12-р сарын 13-14 Геминид солирын урсгалын оргил үе. Энэ жилийн хамгийн их солир харагдах үе. Цагт 120 хүртэлх солирыг ажиглаж болно. Эх үүсгүүр нь (3200) Фаэтон бага гариг. Энэхүү солирын урсгал нь 12-р сарын 4-с 12-р сарын 17-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Ихрийн одны орд.

12-р сарын 14 Сүүлт од 46Р/Виртаненагийн хамгийн их гялалзал нь - 4.1 оддын хэмжигдэхүүн. Түүнийг сонирхогчийн дурангаар Их баавгай, Бага арслан болон Шилүүсний одны ордод харж болно.

12-р сарын 21-22 Урсид солирын урсгалын оргил үе. Цагт 5-10 солир ажиглаж болно. Эх үүсгүүр нь 8P/Туттля сүүлт од. Энэхүү солирын урсгал нь 12-р сарын 17-с 12-р сарын 26-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Бага баавгайн одны орд.

12-р сарын 22  өвлийн туйлын өдөр. Хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болно. 

12-р сарын 26 Нарны хүрээтэй хиртэл болно.Үргэлжлэх хугацаа нь 03 минут 40 секунд. Саудын Араб, Энэтхэгийн өмнөд хэсэг, Шри-Ланкийн хойд хэсэг, Индонезын хойд хэсэг, Суматр, Борне-гийн арлуудын зарим нутгуудад ажиглагдана. Манай оронд ажиглагдахгүй.

Эх сурвалж: Хубилай Сэцэн Хааны нэрэмжит Одон Орон, Геофизикийн Хүрээлэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdene(66.181.178.130) 2019 оны 11 сарын 18

Good

0  |  0
Top