Монгол Улсын их сургуулийн номын санд өнөөдөр /2019.11.19/ оюутнуудад зориулсан түр болон байнгын ажлын байраар хангах зорилготой “Түр ажлын байрны өдөрлөг” боллоо. Тус өдөрлөгт түр болон байнгын ажлын байрны 30 байгууллага оролцож байна.
Монгол Улсын их сургуулийн Оюутан төгсөгчдийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг
-Монгол Улсын үндэсний хэмжээнд “Орлоготой оюутан” хөтөлбөр батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Уг хөтөлбөрийг дэмжих зорилгоор Монгол Улсын их сургуулийн Оюутан төгсөгчдийн хэлтэс жил бүр арга хэмжээ зохион байгуулж байна.
Бид өнгөрсөн жилүүдэд төгсөх курсийн оюутнууддаа зориулж ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байсан бол энэ хичээлийн жилээс эхлээд намар нь бүх курсийн оюутнуудад түр буюу цагийн ажлын байр олгох, хавар нь байнгын ажлын байр олгох өдөрлөг зохион байгуулъя гэж төлөвлөж байна.
“Түр ажлын байр” олгох өдөрлөг бол суралцагчдыг ажлын байранд дадлагажуулах чухал ач холбогдолтой. Мөн эцэг эхийн санхүүгийн хараат байдлаас ангижрах боломжтой. Ажлын байранд өрсөлдөнө гэдэг бол оюутнуудын хувьд хамгийн чухал байдаг. Тийм учраас өрсөлдөөнд өөрийнхөө биеийг бэлдэх чухал арга хэмжээ болж байна.
Ажил хийвэл сурлага муудаж, хичээл орхигдоно ойлголт байдаг. Тийм учраас бид ажил олгогч байгууллага болон тухайн ажилд орох гэж байгаа оюутантай гуравласан гэрээ хийж байгаа. Уг гэрээн дээр ажиллах цаг, ажлын байрны шаардлагыг хатуу тохирч, гэрээний биелэлтийг дүгнэх зарчмаар ажиллах учраас оюутны хичээл давтах цаг, сурлагад нөлөөлөхгүйгээр ажлын ачааллыг нь тэнцвэржүүлнэ.
Гуравласан гэрээнд оюутан гурван цагаас хэтрэхгүй ажиллах ба ажлын хөлсийг ажил олгогч байгууллагаас шийдэх аж.
Монгол Улсын их сургуулийн Мэдээллийн технологийн хоёрдугаар курсийн оюутан Г.Цэрэнгомбо
-Цагийн ажил учраас гэрээт операторын ажлын байранд анкет бөглөсөн.Энэ арга хэмжээ маш хүртээмжтэй болж байна. Оюутнууд ажлын байр олддоггүй, олдвол маш олон цагаар ажиллуулах гээд байдаг. Мөнгө хэрэгтэй боловч өөрөө олж чадахгүй дандаа аав, ээжээсээ авдаг байсан
Монгол Улсын их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын хоёрдугаар курсийн оюутан О.Ганзаяа
-Анкет бөглөх гээд хүлээж байна. Судалгааны ажилтнаар анкет бөглөнө. Оюутнуудад хэрэгцээний мөнгө маш их шаардагддаг. Тэр болгон аав, ээжээсээ авч чаддаггүй. Өнөөдрийн үйл ажиллагаагаар бусад байгууллагад ямар ямар ажлын байр байдгийг мэдэх боломжтойгоос гадна өөрсдөө сонгох боломж бүрдэж байна
Скайтел компанийн Сонгон шалгаруулалт хариуцсан Хүний нөөцийн мэргэжилтэн С.Хонгорзул
-Скайтел компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Түр ажлын байр” өдөрлөгт оролцон 100 оюутныг түр болон байнгын ажлын байраар хангах анкет хүлээн авч байна. Анкет бөглөсний дараа сонгон шалгаруулалт хийн, нэг цагийн хөлсийг танилцуулж зөвшөөрвөл гэрээ хийнэ. Эхлээд удаагүй байхад оюутнууд 30 анкет бөглөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )