Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулгаар ахлуулсан сургагч багш нар 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн прокурорын газарт “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадвар” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар мэтгэлцээний тухай ойлголт, улсын яллагч шүүх хуралдаанд бэлтгэх нь, мэдүүлэг авах буюу асуулт тавих тактик, эсэргүүцсэн санал гаргах, мэдүүлгээс бусад нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд прокурор оролцох нь, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт хэлэх нь, илтгэх ур чадвар зэрэг олон асуудлыг нарийвчлан зааж, үзүүлэх шүүх хуралдааны бичлэгт тулгуурлан дүн шинжилгээ хийж, онолын мэдлэгээ бататгасан байна.
Мөн тус аймгийн Цагдаагийн газрын нийт мөрдөгч нарт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын үзэл баримтлал, тодорхой төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах аргачлалын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )