Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл:
-Н.Т нь Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нараас нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах);
Д.С, Т.Э нар нь гаалийн хилээр мэдүүлсэн бараагаа даруй гаргах зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Д.С нь 18 удаагийн үйлдлээр нийт 52.5 сая төгрөг, Т.Э нь 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.Т-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Т.Э, Д.С нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 8-10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.
-Г.Б нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дариу гаргуулах ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-н албаны чиг үүрэгтэй холбогдуулан хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан;
-Л.О нь ...улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэр бүхий компаниас 6 сая төгрөгийн эд хөрөнгө худалдан авахаар шилжүүлж, улмаар хувьдаа шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (албаны эрх мэдлээ урвуулан ашигласан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Л.О-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан;
-А.И нь ...аймгийн засаr дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа "Б..." ХХК-ийн захирал Т.Б-н .......сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, санхүүжилт олгон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр бусдын дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (улс төрийн албан тушаалтан хахууль авах);
Т.Б нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах, санхүүжилт авах, барилгыг ашиглалтад оруулах зорилгоор засаг дарга А.И-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдын дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.И-г улс төрийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, Т.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )