Монголбанкны сар тутмын хэвлэлийн хурлын үеэр ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Хэдийгээр шинэ ерөнхийлөгч томилогдсон ч өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн бодлогоо Монголбанк тууштай баримтална” хэмээн онцоллоо.
Тэрбээр “Монголбанкны сүүлийн гурван жил баримталж ирсэн жанжин шугамаа алдахгүй ажиллана. Тэр дундаа эдийн засгийн сэргэлтийг батжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн үндсэн үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлнэ. Шинэ ерөнхийлөгчийн хувьд ирэх жилийг гурван том сорилттой нүүр тулна гэж харж байгаа. Монголбанк энэ гурван сорилтыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээ авч ажиллахаар эхнээсээ ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. Ирэх оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаа дуусна.
Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгах нь Монгол Улсад ашигтай. Тэр утгаараа амжилттай хэрэгжүүлэхэд Төв банкнаас шаардагдах бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хоёрдугаарт, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусч байгаа “Саарал жагсаалт”-аас 2020 ондоо багтаж гарах ёстой. Гуравдугаарт, ирэх оны долдугаар сард Mонголбанк, Хятадын Ардын банк хороонд байгуулсан своп хэлцэл дуусна. Гэрээгээ шинэчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн юм. Мөн үеэр Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа санхүүгийн салбарт эхний 10 сарын хугацаанд гарсан статистик мэдээллийг танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын байдлаар 20.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Зээлийн өсөлт 10.6 хувьтай гарсан бөгөөд 18 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн 87.8 хувийг төгрөгийн зээл, үлдсэн хэсгийг гадаад валютын зээл бүрдүүлсэн бол хугацаа хэтэрсэн зээл 10.7 хувь болж өмнөх сараас 0.22 хувиар буурсныг танилцуулав.
Түүнчлэн Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар үндэсний төлбөрийн ₮ карт EMV чипт шилжиж буй талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Монголбанк үндэсний төлбөрийн ₮ картыг чип технологит шилжүүлэхээр гаднын мастер карт компанитай гэрээ үзэглэсэн. Монголбанкнаас 2012 оноос эхлэн үндэсний төлбөрийн ₮ картыг гаргаж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3.6 сая карт хэрэглээнд байгаагаас 75.1 хувь буюу 2.7 сая нь Монголбанкны зөвшөөрөлтэй ₮ карт байна. Эхний чип карт ирэх оны хоёрдугаар улирлын сүүл гэхэд гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Сүүлийн үед картын хулгайгаас үүдэн дэлхий нийтээрээ чип технологи руу шилжиж эхэлсэн. Төлбөрийн карт чиптэй болсноор нууцлал, аюулгүй байдал өндөр хэмжээнд хангагдана. Олон улсын стандартад ч нийцнэ” гэв.
Энэхүү мэдээллийн дараа Монголбанкны удирдлагууд цаг үеийн асуултад хариулт өглөө.
-Ам.долларын ханшийн өсөлтөд юу нөлөөлж байгаа вэ?
-Монголбанкны зарласан ханшнаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 2.5 хувиар суларсан. Оны эхнээс харьцангуй тогтвортой явсан ам.долларын ханш аравдугаар сар гарсаар чангарах хандлагатай болсон. “Саарал жагсаалт”-д орсноос үүдэн эдийн засагт томоохон дарамт үүсэх нь гэсэн хүлээлт нийгэмд гарснаас болж ханшид дарамт үүссэн. Уг нь он гарснаас хойш 2.5 хувь сулраад байгаа нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт. Бусад орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшийг авч үзэхэд ч ам.долларын эсрэг суларсан дүр зурагтай байгаа. Монголбанкнаас цаашид төгрөгийн ханшийг тогтворжино гэж харж байна. Энэ он болон ирэх оны хувьд төлбөрийн тэнцэл таатай ашигтай гарах байх гэж найдлага байгаа. Учир нь Монгол Улсын гол түүхий эдийн экспорт үнэ болон экспортын хэмжээ тогтвортой байх төлөв харагдаж байгаа. Мөн ирэх онд Тавантолгойн IPO хийгдэх яриа, хэлэлцээр ахицтай яваа, Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Оюутолгойн асуудлыг нэг талдаа гарах нөхцөл бүрдсэн зэргийг эерэгээр харж байгаа. Тиймээс ханш дээр огцом дарамт үүссэн тохиолдолд Монголбанкны зүгээс шийдвэрлэх нөөц бололцоо бүрдсэн гэж харж байна.
-Засгийн газраас дотооддоо үнэт цаас гаргахгүй гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь Төв банканд эрсдэл дагуулахгүй юу?
-Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өнөөдрийн байдлаар 4.2 их наяд төгрөг байгаа. Төв банкны үнэт цаасны хэмжээ өссөн нь Засгийн газрын үнэт цаас дотооддоо гаргахгүй болсонтой шууд холбоотой. Нөгөө талаас Монгол Улсад орж ирж байгаа валютын урсгал сүүлийн жилүүдэд өссөн. Үнэт цаасны хэмжээ нэмэгдэж байгаа нь Төв банкнаас эдийн засагт эрсдэл үүсэхээс сэргийлж авч хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээ юм.
-БНХАУ тал своп хэлцэлийн гэрээг сунгахгүй гэдэг гараад байна. Гэрээний хугацааг сунгах хэлцэл ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Монголбанкны ерөнхийлөгч 2018 оны арваннэгдүгээр сард Хятадын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзан своп хэлэлцлийг 2020 онд дуусахад нь дахин гурван жилээр сунгах хүсэлт тавьж шийдвэрлэсэн. Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай гэрээ хэлцэл хийх ажил эхэлсэн.
-MCS группийн “М” нэртэй шинэ арилжааны банк байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ асуудлыг авч хэлэлцсэн үү?
-Албан ёсоор Монголбанкнаас зөвшөөрөл өгөөгүй. Мэдээж аливаа аж ахуй нэгж банк байгуулах болзол шаардлагаа хангасан тохиолдолд банк байгуулах эрхтэй. Үүнийг Монголбанкны зөвлөл хэлэлцэж албан ёсны шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч гаргадаг. MCS группээс дээрх асуудлыг жилийн хагасын өмнө тавьсан. Одоогоор зөвшөөрөл гараагүй гэдгийг дахин онцолмоор байна.
-Tатан буугдсан “Капитал” банкнаас ипотекийн зээл авсан иргэдийг “Улаанбаатар хотын банк” руу шилжүүлсэн. Гэтэл “Улаанбаатар хотын банк” шинэ гэрээ байгуулахгүйгээр данс өгөөд мөнгөө шилжүүл гэсэн байх юм. Үүнээс үүдэн гэрээ хийхгүй бол мөнгө шилжүүлэхгүй гэж суусан хүмүүс чанаргүй зээлдэгчийн жагсаалтад орсон гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Одоохондоо энэ талаар мэдээлэл алга байна. Үүнийг тодруулж асууя. Энэ нь ямар процессоор явдаг вэ гэхээр нэгэнт зээл авсан бол тэр зээлийг “Монголын ипотекийн корпорац”-аас шууд худалддаг. Дараа нь анх зээл олгосон банканд хүндрэл үүсэх юм бол ипотекийн корпораци өөр нэг банктай гэрээ байгуулах замаар зээлийн үйлчилгээг олгодог. Иргэдийн хувьд анх ипотекийн гэрээ байгуулсан бол үйлчилгээ үзүүлэх банк солигдож байгаатай холбогдуулан дахин гэрээ байгуулах шаардлагагүй. “Улаанбаатар хотын банк” дээр зээлээ хэвийн төлөөд явах ёстой. Гэхдээ үүнийг эргүүлж тодруулаад, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой бол мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )