Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт ОУВС-гийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлэг хийхээр Монгол Улсад ажиллаж буй тус сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголбанкны холбогдох газар, нэгжийн удирдлагууд болон ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөл оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, мөнгөний бодлогын уялдаа, макро эдийн засгийн эрсдэл, банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцов.

Талууд ОУВС-гийн Дүрмийн IV заалтын зөвлөлдөх хэлэлцүүлгийн хүрээнд хийгдэх үнэлгээ, бодлогын зөвлөмж боловсруулахтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо. Валютын сангийн төлөөлөгчид энэ оны хувьд Мөнгөний бодлогын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон Төв банкны хуульд оруулах өөрчлөлтийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанк 2030 он хүртэл дунд хугацааны стратегид тусгагдсан бодлогын шинэчлэлүүд, үүний дотор Санхүүгийн салбарын үнэлгээнд (FSAP) хамрагдах зорилт тавигдсан байгааг онцолж, тус хөтөлбөрт хамрагдах, бэлтгэл ажлууд хийгдэхэд техник туслалцаа авах сонирхлоо албан ёсоор илэрхийллээ. FSAP нь ОУВС болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд санхүүгийн салбарын тогтвортой байдал, хяналт зохицуулалтын тогтолцоо, эрсдэлийн удирдлага, санхүүгийн хөгжлийн түвшнийг олон улсын жишгийн дагуу цогцоор нь үнэлдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top