Л.Энх-Амгалан: Гишүүдэд хоёр кноп байхгүй учир санал хураалтыг хойшлуулъя

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж төрийн өмчид байсан нийтийн зориулалттай орон сууцыг иргэдэд хувьчилж өгсөн. Улмаар орон сууцны барилга, байшингийн сууц өмчлөгчдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах шаардлага гарсан тул УИХ-аас 2003 онд “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийг батлаж сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулж байгаа талаар төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.

Тухайлбал, орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах үед, оффисийн зориулалттай барилгуудын өмчлөгчдийн дундын өмчлөл, түүний ашиглалт, хамгаалалттай холбоотой асуудлууд, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын харилцан уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын хүн амын ихэнх хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд авч үзэхэд хүн амын 58 хувь буюу 205431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь 1 хашаанд 2 түүнээс дээш өрх амьдарч байна. Тэдгээр өрхүүдийн орчны аюулгүй байдал, тохижилт, цэвэрлэгээ, инженерийн шугам сулжээний ашиглалт хамгаалалт нэн тулгамдсан зайлшгүй шийдвэрлэх асуудал хэвээр байсаар байгаа нь гэр хороололд сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хэрэгцээ үүсээд байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдадаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулапт, төлөвлөлтийг дураараа өөрчилж байгаад хяналт тавьдаггүй энэ талаарх хариуцлагын механизм сул, иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдал байгааг төсөл санаачлагч гишүүн дэлгэрэнгүй танилцуулсан.

Уг асуудлыг УИХ-ын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч санал хураалт явуулах болоход чуулганы танхимд цөөн тооны гишүүн байсан тул хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “УИХ-ын чуулганы танхимд байгаа гишүүд хуулийн төслийг хоёр гараа өргөн дэмжихээ илэрхийлж байгаа ч гишүүдэд хоёр кноп байхгүй учир санал хураалт явуулбал төсөл унахаар байна. Тиймээс санал хураалтыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулъя” гэснээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top