“Европт суралцъя” боловсролын өдөрлөг, арга хэмжээг Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газраас Монголд анх удаа өнөөдөр /2019.12.03/ зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийг нээж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газар Европын Холбоо тэдгээрийн гишүүн улс орнуудтай тодорхой салбарт олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн тэлэх бодлого барин ажиллаж байна” гээд боловсролын үзэсгэлэн өдөрлөг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, оюутан залууст мэдээлэл өгөх, их дээд сургуулиудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгож байгааг цохон тэмдэглэлээ.
Европын Холбооны Чех, Герман, Франц, Румын гэсэн дөрвөн гишүүн улсын оролцоотойгоор зохион байгуулж буй өдөрлөгийн үеэр Европын холбооны улсуудын их, дээд сургуулиудад богино хугацаанд сургалтад хамрагдаж, судалгааны ажил хийх боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулна. Тухайлбал, Европын Холбооны улс орнууд дахь дээд боловсролын байгууллагуудаас санал болгодог докторын дараах үе шат хүртэл бүх төрлийн тэтгэлэгт сургалтууд болон их сургуулийн хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Мөн улс орнууд болон их дээд сургуулиудын бие даасан хөтөлбөрүүдийн мэдээлэл, Шенгений визтэй холбоотой бүх мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс нэг дор авах боломжийг олгож байна.
Европын Холбооны улсуудад суралцах хүсэлтэй оюутан залуусыг МУИС-ийн Номын сангийн 5 давхарт зохион байгуулж буй өдөрлөг арга хэмжээнд амжиж оролцохыг урьж байна. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )