МЭДЭГДЭЛ: МУИС ташаа мэдээлэлд тайлбар өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05


2019 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн зарим удирдлагыг зохион байгуулалттайгаар илтэд гүтгэсэн, ташаа мэдээлэл нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн цахим хуудсаар гарлаа. Тус мэдээнд МУИС-ийн нийт 1500 гаруй багш, ажилтан, 20000 орчим оюутныг өдөөн турхирсан, зарим албан тушаалтан руу илтэд дайрсан, гүтгэлгийн шинжтэй зүйлүүд байсан тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

МУИС нь СиСи мэдээллийн системийг 2003 онд зохион бүтээж, хөгжүүлэн 2010 оноос сургалтын үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлсэн. Хуучин сурлагын дэвтэр, дүнгийн хуудас дээр тавигдсан дүнг цахимжуулж эхэлсэн юм. Мэдээллийн систем нэвтрэх үед дутуу орсон дүнгүүд ихээр хуримтлагдсан байсан бөгөөд үүнээс үүдэн оюутнууд залгамж холбоотой хичээлээ судалж чадахгүй, хугацаандаа төгсөх боломжгүй болох зэрэг хохирлууд амссаар байсан. Тиймээс 2014 онд МУИС-ийн шинэ бүтцээр Сургалтын нэгдсэн алба байгуулагдсанаар эдгээр асуудлыг цэгцлэх санаачилга гаргаж 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж (хурлын товч мэдээллийг https://news.num.edu.mn/?p=46455-аас харна уу) хурлын шийдвэр, үүргийн дагуу Бүрэлдэхүүн сургуулиудад 2014 оны 11 дүгээр сарын 25-нд 2/2010 тоот албан бичгийг тухайн үеийн Сургалт эрхэлсэн дэд захирал Д-р. О.Мөнхбат илгээж байсныг хавсралтаас үзнэ үү.
 

Үүний дараа, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар тус асуудлыг судлан үзэж дахин хэлэлцүүлээд шийдвэрлэх чиг үүргийг Сургалтын нэгдсэн албаны дарга Д-р. Ч.Ундрамд даалгасан юм (хурлын товч мэдээллийг https://news.num.edu.mn/?p=46469-аас харна уу). Сургалтын нэгдсэн алба, Мэдээллийн технологийн алба, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны дарга, эрхлэгч, мэргэжилтнүүд маш өндөр ачаалалтай ажиллаж үе шаттайгаар асуудлыг шийдвэрлэж ирсэн. Энэ үед Мэдээллийн технологийн алба нь МУИС-ийн Захирлын шууд удирдлагад, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулж байсныг онцлон тэмдэглэж байна. МУИС-ийн Захирал болон дэд захирлуудад СиСи системд дүн засах эрх байхгүй, харин давхар хянах боломжтой байдаг. Дүнг засах эрх зөвхөн багшид байдаг бөгөөд түүнийг системд оруулах, зөвшөөрөх үүрэг сургалтын албаны мэргэжилтэн, холбогдох албан тушаалтнуудад ногддог.

Дахин сануулан хэлэхэд МУИС-ийн эрдэмтэн багш, профессоруудын тухайн суралцагчид оноосон дүнг хэн нэгэн ажилтан, удирдлага засах тухай ойлголт нь байж боломгүй зүйл бөгөөд энэхүү асуудлыг нэр бүхий багш нарын гомдлын дагуу хууль, хяналтын байгууллага шалгаж үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүн засдаг мэт ойлголт төрүүлэн гүтгэж буй нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болохыг хатуу анхааруулъя.

МУИС-ийн Захиргаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ари(5.57.192.71) 2019 оны 12 сарын 05

Одоогоос 4 жилийн өмнө лав хичээлд ер үзэгдэж харагддаггүй 2 хүүхэд лав төгсчихөж л байсан.Мэдээж арын хаалга дүн засалт орсон л байгааштээ.Одоо магадгүй өөрчлөгдсөн байх

0  |  0
zochin(66.181.189.85) 2019 оны 12 сарын 05

MUiS hetsuu bolsoon Unen shuu dee Hund surtliin asar tom apparat bolsoon ter ni hiij bgaa yum alga

0  |  0
Top