Шинэ Дели дахь Элчин сайдын яам Энэтхэгийн Бенгалуру, Мумбай, Колкота, Чинай хотууд, Балба, Бангладеш улсууд дахь Монгол Улсын Өргөмжит консулуудтай дөрөв дэх удаагийн ажлын уулзалтыг Энэтхэгийн Гоа мужид 2019 оны 12 дугаар сарын 4-6-нд зохион байгуулав.
Элчин сайд Г.Ганболд жил тутам зохион байгуулж хэвшил болоод буй энэхүү ажлын уулзалтаар Монгол Улсын Их Хурал саяхан баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон нийгэм-эдийн засгийн байдал, тус ЭСЯ-ны суугаа болон хавсран суугаа улсуудтай 2019 онд харилцсан талаар Өргөмжит консулуудад мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултуудад хариулав.
Гадаад харилцааны яам Өргөмжит консулуудын үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын дүн, өгсөн үнэлгээг Элчин сайд мөн танилцуулсан бөгөөд өөрсдийн тойрогт монголын иргэд, аж ахуйн нэгжийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Монгол улсыг сонирхдог, элгэмсүү дотно ханддаг, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг дэмждэг иргэд, хувь хүмүүсийг хөхиүлэн дэмжих, хамтран урлаг, соёл, спортын арга хэмжээ зохиох замаар тус улсыг сурталчлан таниулах талаар тэдэнд арга зүйн зөвлөгөө өгч ном, сурталчилгааны материалуудыг гардуулав.
Бенгалуру, Мумбай, Колкота, Чинай хотууд, Балба, Бангладеш улс дахь Монгол Улсын Өргөмжит консулууд нь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, бизнес, хууль эрх зүй, хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхны чиглэлээр ажилладаг, Монгол Улсыг төлөөлөн сүүлийн 8-12 жил ажиллаж байгаа арвин туршлагатай, өндөр нэр хүндтэй иргэд юм. Томилолтын хугацаа нь сунгагдсан Өргөмжит консулуудтай хамтарч ажиллах гэрээг шинэчлэн байгуулав.
Эх сурвалж: ГХЯ, Консулын газар
Сэтгэгдэл ( 0 )