Улсын аварга шалгаруулах тэмээний уралдаанд 120 тэмээчин оролцлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Улсын аварга шалгаруулах Хурдан тэмээний уралдаан энэ амралтын өдрүүдэд /2019.12.14, 15/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. Тэмээний уралдаанаар тором, тайлаг, бүдүүн тэмээний уралдаан, тэмээтэй буухиа уралдаан, богино зайны 2000 метрийн уралдааныг зохион байгууллаа. Мөн энэ үеэр гоё тэмээтэй сайхан хосыг шалгаруулсан юм.  

Тэмээний уралдаанд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан Дорнод гэсэн найман аймгийн 120 орчим тэмээчин 400 гаруй шилмэл тэмээтэйгээ оролцлоо. Тэмээний баярт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж, зохион байгуулах комиссын дарга Б.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Хамар, Гавьяат малчин Г.Бүд, тэмээ судлаач, эрдэмтэн Ө.Эрдэнэбилэг болон нутгийн малчид, иргэд оролцож, үзэж сонирхов. 

Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдааны Атан тэмээний уралдаанд, Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн тэмээчин С.Галтын Улаан ат түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын тэмээчин М.Бадамжунайгийн Шар ат аман хүзүүнд хурдалж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын тэмээчин Б.Баянжаргалын Хөх ат айргийн гуравт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Ж.Баянмөнхийн Бор ат айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Баяндалай сумын тэмээчин Х.Төртайваны Хөх ат тавт тус тус хурдалж, уясан эзэн, хурсан олноо баясгалаа. Тайлаг тэмээний уралдаанд Ѳмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн тэмээчин Б.Сумьяагийн шар тайлаг түрүүлж, хоёрт Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Тѳмѳрхуягын хар тайлаг, гуравт Ѳмнѳговь аймгийн Цогтцэций сумын тэмээчин Дамчаагийн улаан тайлаг, дѳрѳвт Ѳмнѳговь аймгийн Гурвантэс сумын тэмээчин Түмэнбаярын улаан тайлаг, тавд Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Жарантайн улаан тайлаг тус тус  хурдаллаа.

Хурдан торомны уралдаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тэмээчин Цолмонгийн 49 дугаартай тором түрүүлж, Баянхонгор аймгийн тэмээчин Түвшинжаргалын 99 дугаартай тором аман хүзүүнд хурдалж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын тэмээчин Батаагийн 64 дугаартай тором гуравт орж, Сэврэй сумын тэмээчин Ууганбаярын 12 дугаартай тором дөрөвт хурдалж, Гурвантэс сумын тэмээчин Намсрайгийн 90 дугаартай тором тус тус айрагдаж, уясан уяач, хурсан түмэн олноо цэнгүүллээ. 

Тэмээн сүргээрээ Монголд тэргүүлэгч Өмнөговь аймаг сүүлийн 20 гаруй жил тэмээний баярыг тасралтгүй зохион байгуулж ирсэн ч Ерөнхийлөгчийн ивээл дор Улсын аварга шалгаруулах тэмээний уралдаан зохион байгуулсан нь анхных юм.

“Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж “Дэлхий дээр нэг бөхтэй тэмээн соёл, уралдаан өндөр хөгжиж байна. Энэ үед хоёр бөхтэй тэмээний өлгийн нутгийн хувьд улсын чанартай уралдааныг зохион байгуулж, тэмээчдийг зэрэглэлтэй болгох анхны алхам хийгдэж байна. Морин уралдаан гэхэд маш өндөр хөгжиж, хөгжлийн өндөр шатанд хүрсэн. Үүнтэй адил тэмээний уралдааныг хөгжүүлж, хурдан тэмээний эзэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн цол хүртдэг болох ёстой. Тэмээчид маань говь нутагтаа хөдөлмөрлөж, тэмээн соёлыг өдий зэрэгтэй авч явж байгаа учраас тэднийгээ алдаршуулах том ажил эхэлж байна. Тэмээний таван төрлийн уралдаан нь үнэхээр өрсөлдөөнтэй, сонирхолтой байлаа. Гоё тэмээтэй сайхан хосын тэмцээнд оролцогч хосууд маань үндэсний хувцасны гайхамшгийг мэдрүүлж, хурсан олны нүд сэтгэлийг баясгаж чадлаа. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан улсын чанартай уралдаан гэдэг утгаараа Монгол Улсын тэмээн соёлын хөгжлийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь дамжиггүй” гэлээ.

Хурдан тэмээний баярын үеэр тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, найман аймгийн тэмээчид туршлагаа солилцлоо. Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн бүсгүйчүүд ингэний буцалгаа, халуун хуушуур, зууш салатаар тэмээний уралдаанд ирсэн зочдоо дайлсан юм.

Хурдан тэмээний уралдааныг “Капитрон” банк ивээн тэтгэжээ. "Бидний цөөхөн Монголчууд" төслийн баг болон орон нутгийн “Алтанговь медиа” групп хурдан тэмээний уралдааныг сурвалжилсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top