Хурдан атны уралдааны тэргүүн байрт автомашин олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Тэмээчдийн улсын зөвлөгөөн, наадам энэ сарын 25-26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Богд суманд болно. 

Тэмээчдийн улсын зөвлөгөөнд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Завхан аймгуудын удирдлага, мэргэжилтнүүд, тэмээчид оролцоно. Зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Тэмээчдийн холбоо зохион байгуулж байна. Тэмээчид, орон нутгийн удирдлага, хөдөө аж ахуйн салбарынхаа тэмээний соёл, уналга хэрэглээ, тэмээчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг зөвлөгөөнөөр хэлэлцэнэ.  

Зөвлөгөөний үеэр хурдан торомны уралдаан, хурдан атны уралдаан, тайлаг тэмээний уралдаан, эрлийз тэмээний бооцоот уралдааныг зохион байгуулах юм. Хурдан торомны уралдааны тэргүүн байрт мотоциклоор байлах бол хурдан атны уралдаан болон тайлаг тэмээний уралдаанд түрүүлсэн атны эзнийг авто машинаар шагнах ажээ. Мөн шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох, бурантаг томох зэрэг тэмцээн, уралдааныг зөвлөгөөний үеэр зохион байгуулах юм.

Тэмээчдийн улсын зөвлөгөөний ерөнхий ивээн тэтгэгчээр Говийн сэргэлт сан ТББ, Бодио-С кашмер, Ногоон алт ТББ, Богд сумын тэмээчдийн холбоо ажиллаж байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top