Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн Номын сан өчигдрөөс /2019.12.23/ эхлэн 24 цагаар ажиллаж эхэллээ. Тус сургууль оюутнуудад зориулан шалгалтын үеэр буюу арванхоёрдугаар сарын 23-27-ныг дуусталх хугацаанд ийн 24 цагаар ажиллах зохицуулалт хийжээ. Энэ талаар МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэнгээс тодрууллаа.
-МУИС-ийн номын сангийн хэдэн заал 24 цагаар ажиллаж байгаа вэ?
-Бид эхний удаа нэг заалыг 24 цагаар ажиллуулахаар болсон. 100 хүүхдийн багтаамжтай. Бид түрүүлж ирсэн 100 хүүхдийг бүртгэн, туршиж үзье гэж зориод түр хугацаанд үйлчилгээ үзүүлж байна. Өчигдрийн байдлаар 100-аас илүү хүүхдүүд ирсэн. Уг нь нь 22.00 цаг хүртэл бүртгэж авна гэж байсан боловч шөнө хүүхдүүд зориод ирж байхад оруулахгүй байх хэцүү байсан учраас сандал нэмж тавиад ажиллалаа.
-Цаашдаа 2-3 заалыг 24 цагаар ажиллуулах боломжтой юу?
-Өнгөрсөн жилүүдэд номын сангаа 24 цагаар ажиллуулахыг зорьж байсан боловч зохицуулах шаардлагатай олон зүйл байсан учраас боломж бүрдэхгүй айсан. Жишээ нь, хүүхдүүд шөнө ирвэл яах билээ, шөнийн цагаар гараад явчихвал яах вэ, харуул манаачийг ямар байдлаар ажиллуулах вэ гээд асуудал тулгардаг. Одоо бол эхний ээлжинд шалгалтын үеэр номын сангаа 24 цагаар ажиллуулна гэсэн зорилготой байна. Заал нэмэгдэх эсэх нь бусад асуудлаа шийдсэний дараа яригдана. Нэг заалаа л шалгалтын үеэр тогтмол ажиллуулъя гэсэн бодолтой байна.
-Оюутан 24 цагийн номын санд суухын тулд ямар шаардлагыг биелүүлсэн байх ёстой вэ?
-24 цагийн номын санд суухдаа анкет бөглөнө. Овог, нэр, мэргэжил, курс, оюутны код гээд. Хамгийн гол нь өөрийн утас болон яаралтай үед холбоо барих утасны дугаараа үлдээх ёстой. Өчигдөр шөнө л гэхэд гурван хүүхэд өглөө 07.00 цаг хүртэл номын санд сууна гэж анкетаа бөглөсөн мөртөө 02.00 цагт гараад явчихсан. Араас нь санаа зовоод тэмдэглэж үлдээсэн утас руу нь залгатал холбогдохгүй байсан. Оюутны код руу нэвтэрч, гэр бүлийн хүмүүс рүү нь залгаж асуусны дараа санаа амарсан. Хүүхэд, залуус шөнө номын сангаас гарч яваад эрсдэлд орохыг үгүйсгэх аргагүй учир бид маш их хариуцлагатай байх ёстой.
-24 цагийн номын санг өөр сургуулийн хүүхдүүд ашиглаж болох уу?
-МУИС 20 мянган оюутантай. Эдгээр оюутнуудаасаа ч хүссэн болгоныг хамруулж чадахгүй байгаа. Ийм байхад өөр сургуулийн оюутнуудыг хамруулах боломж бидэнд үнэхээр алга байгаа юм. Харин өдрийн цагаар нэг сургуулийн 15 оюутныг оруулах квот олгосон.
-Номын сан байгуулагдсанаас хойш оюутнууд шөнө ажиллах талаар хэр санал ирүүлдэг байсан бэ?
-МУИС-ийн 75 жилийн ойгоор буюу 2017 онд аравдугаар сарын 5-нд манай номын сан нээлтээ хийсэн. Үүнээс хойш ажиглагдсан том дүр зураг нь хүүхдүүд маань номын санд цаг зарцуулах нь үнэхээр нэмэгдсэн юм байна. Их сургууль болон орчныг нь бүрдүүлээд өгвөл хүүхдүүд номын санд суух хүсэлтэй оюутнууд олон байна. Шөнө ажиллах тал дээр бол нээлтийн маргааш л "Цагаа уртасгаж болох уу?" гэсэн санал ирж байсан. Санал, хүсэлтийн хайрцагт ирж буй ихэнх санал шөнө хичээлээ давтах боломж олгооч гэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )