Гон оргосонтой холбогдуулан Япон хилийн хяналтыг чангатгана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Японы хууль зүйн сайд Масако Мори Япон улс хилийн хяналтаа нэмэгдүүлж, цагаачлалын процедурыг чангатгана хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон Японы хилийг хууль бусаар нэвтрэн гарсан гэж онцолсон байна. Түүний хэлснээр, Японы талд Гон Японы хилээр гарч буй бичлэг байхгүй бөгөөд тус улсаас хууль бусаар оргон зайлах зорилгоор хууль бус арга хэрэглэсэн хэмээн Мори мэдэгджээ.

Карлос Гон 2018 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр орлогоо дутуу мэдүүлсэн хэргээр баривчлагджээ.  Тэрбээр 2010-2017 оны хооронд нуун далдалсан орлогын нийт хэмжээ 71 сая ам.доллароор үнэлэгдэж буй. Түүнийг мөн хувийн хөрөнгө оруулалтын улмаас хүлээсэн 21 сая ам.долларын алдагдлыг компанийн хөрөнгөөр нөхсөн хэмээн сэжиглэж байгаа билээ.  Өнгөрсөн оны хавар Гоны өмгөөлөгчид 15 сая ам.долларын барьцаа төлөн, түүнийг суллаж, энэ хавар болох шүүх хурлаас өмнө Японы хилээр гарахыг нь хориглосон. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд Карлос Гон Ливанд хүрэлцэн ирсэн нь тодорхой болсон бөгөөд хожим Гон өөрөө Ливанд буйгаа баталсан.

Японы NHK телевиз мэдээлснээр, өнгөрсөн сарын 29-ны өдөр Карлос  Гон ганцаараа гэрээсээ агрч буй бичлэг түүний Токио дахь гэрийн ойрхон байрлуулсан камерт бичигджээ.  Мөн өдрийн орой 23.00 цагт тэрбээр Кансай нисэх онгоцны буудлаас хувийн онгоцоор хөөрсөн байна. Энэ онгоц мөн өдрийн өглөө Дубайгаас Японд ирсэн аж. Flightradar24 сайтын мэдээллээр, Гоныг тээвэрлэсэн онгоц 12 цагийн дараа буюу орон нутгийн цагаар 05.00 цагтТууркийн Истамбул хотноо буужээ. Нэг цаг гучин минутын дараа Гон өөр нэгэн хувийн онгоцоор Ливан руу нисжээ.

Туркийн шүүх “Nissan” тэргүүн асан Карлос Гоныг оргуулах хэрэгт холбоотойгоор таван хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон байна.Тэднийг хүнийг хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт сэжиглэж байна. Харин Ливаны тал Гоныг тус улсын хилээр хууль ёсны дагуу нэвтэрсэн тул хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top