“Nissan”-ы экс тэргүүн Карлос Гон Японоос хэрхэн оргон зайлсан бэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 03

Японд гэрийн хорионд байсан автомашин үйлдвэрлэгч “Renault — Nissan — Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гон Японоос оргон зайлахад түүний гэр бүл ямар ч үүрэг гүйцэтгээгүй гэж мэдэгджээ.  

2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд Карлос Гон Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдсан. Түүнийг 2010-2018 оны хооронд “Nissan” компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байхдаа орлогоо хуурамчаар мэдүүлсэн гэж сэжиглэж байгаа юм.

Карлос Гон Японоос оргон зайлсантай холбогдуулан Интерпол Ливаны тусгай албанд түүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ.

Бразил, Франц, Ливаны иргэншилтэй Карлос Гон Туркээр дамжин Ливан руу ниссэн бөгөөд ингэснээр гэрийн хорионд байсан тэрбээр Японы хилийг хууль бусаар давсан юм. Тэрбээр Ливанд хүрэлцэн ирснээ баталсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард түүнийг 8.9 сая ам.долларын барьцаагаар сулласан бөгөөд гэрийн ойр орчимд 24 цагийн хяналтын камер суурилуулжээ. Түүний харилцаа холбооны хэрэгсэл ашиглах боломжийг хязгаарлаж, Японоос гарахыг хориглосон байв.

Гон хэрхэн оргон зугтаав?

Гоны энэ санаанд оромгүй, ичгүүргүй орголт түүний өмгөөлөгчдөд хүртэл гэнэтийн бэлэг болов. Өчигдөр /2020.01.02/ Гоны гэрт нэгжлэг хийсэн бөгөөд орон нутгийн хэвлэлээр түүний гэрт хар хувцас өмссөн хэдэн хүн орж буй бичлэгийг үзүүлжээ.

Ливаны MTV телевизийн мэдээлснээр, хөгжимчдийн дүрээр Токио дахь түүний гэрт орсон нэгэн бүлэглэлийн гишүүд Гонд тусалсан байж болзошгүй гэж үзэж байна. Энэ хувилбараар, хөгжимчид түүний гэрт тоглосны дараа 65 настай Гон хөгжмийн зэмсгийн гэрт нуугдаж, орон нутгийн нисэх онгоцны буудалд хүргэгджээ. Тэндээс түүнийг Туркт хүргэж, Туркээс тэрбээр Ливанд хувийн онгоцоор очсон гэж таамаглаж байна. Орголтын энэ “хөгжмийн хувилбар” олон нийтийн сүлжээнд ихээхэн тархаад байгаа хэдий ч нотлох баримтыг тус суваг дурдаагүй юм.

Гоны гэргий Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа энэхүү хувилбарыг зохиомол хэмээн мэдэгдсэн ч нөхрөө хэрхэн оргон зугтсаныг мэдээлэхээс татгалзжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сар Карлос Гон мөн үүнтэй төстэй хэрэг үйлдэхийг завдаж байжээ. Тэрбээр ажилчны хувцас өмсөн шоронгоос зугтсан ч төд удалгүй танигдаж, түүний өмгөөлөгчид оргох энэ “сонирхогчийн төлөвлөгөөний” төлөө уучлалт эрж байсан юм.

Ажлын хувцас өмссөн Гон шоронгоос оргох гэж завджээ

Энэ удаад тэрбээр оргох төлөвлөгөөг сайтар бодож боловсруулжээ. Wall Street Journal хэвлэлд бичсэнээр, оргох төлөвлөгөөг олон сарын туршид бодож боловсруулсан байна. Гэхдээ Ливаны эрх баригчид энэ талаар мэдээгүй гэжээ. Тус хэвлэлийн үзэж буйгаар, Гон Осака хотын ойролцоох нисэх онгоны буудлаас бүтэн сайны орой хөөрсөн Bombardier Challenger хувийн онгоцоор Бейрут хотод очсон байж болзошгүй. Wall Street Journal Гоныг оргоход түүний гэргий Кэрол Гон идэвхтэй оролцсон гэж таамаглаж байна.

Харин Financial Times сонин Гоныг оргоход олон улс орны иргэд оролцсон гэж таамагласан бол Ройтерс агентлагийн эх сурвалжууд Японоос хөөрсөн онгоцны нисгэгч онгоцонд Гоныг байгааг мэдээгүй хэмээн ярьжээ. Гоны гэргий энэхүү гэнэтийн орголтод ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж ихэнх хэвлэлүүд үзэж байна. Гоны өмгөөлөгчийн мэдээлснээр, Японы эрх баригчид Гоны гэр бүлд хоорондоо ярихыг хориглосон ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Кэрол нөхөртэйгөө нэг цаг гаруй хугацаанд ярилцсан байна.

Пүрэв гарагт /2020.01.02/ Туркийн цагдаа Гоныг оргуулахад оролцсон байж болзошгүй долоон этгээдийн баривчилжээ. Тэдний дунд дөрвөн нисгэгч, нисэх онгоцны буудлын гурван ажилтан байна. Туркийн дотоод хэргийн яам Гон тус улсын газар нутгаар дамжсан эсэхийн шалгаж эхэлсэн тухай мэдээлжээ. Тус улсын хилийн алба Гон Туркийн хилээр орж ирсэн талаар мэдээлэл аваагүй бөгөөд албан ёсоор бүртгээгүй байна.

Гоны орголттой холбоотой гарч ирж буй бас нэг асуулт нь Гон Ливаны хилээр ямар бичиг баримтаар орж ирсэн бэ? Тэрбээр Бразил, Франц, Ливаны паспорттай хэдий ч түүний өмгөөлөгчдийн ярьж буйгаар Гонг алга болох үед бүх паспорт нь өмгөөлөгч нарт нь байжээ.

Гонд паспортын хуулбар байсан байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь ийм практик бизнес салбарт байдаг аж. Түүнд Ливан дипломат паспорт байсан гэх таамаглал гарч ирсэн ч нотлогдоогүй юм. Зарим хэвлэлүүд түүнийг хуурамч нэрээр хуурамч бичиг баримт ашиглан оргосон гэж мэдээлж байна. Гоны төлөөлөгч франц паспорт ашигласан хэмээн мэдэгдсэн ч Японы хилээр хэрхэн яаж гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Ливаны Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Nissan” экс тэргүүн Ливаны хилээр Францын паспорт, Ливаны иргэний үнэмлэхтэй орж ирсэн хэмээн ярьжээ. Гоны эхнэр Ливан улсад төрсөн бөгөөд Ливан иргэншилтэй нэгэн аж.

Гоны энэ орголт Японы албан тушаалтнуудын эгдүүцлийг хүргэж, зарим нь бусад улс оронд үүнд оролцсон хэмээн сэжиглэж байна. Токио хотын захирагч асан Ливаны эрх баригчид орголтыг зохион байгуулсан хэмээн буруутгасан байна. Токио дахь Ливан элчин сайд Гонтой өдөр бүр уулзаж байсан Ройтерс агентлагийн мэдээлсэн бол элчин сайд өөрөө үүнийг батлаагүй байна.

Ливан, Франц, Туркийн эрх баригчид энэ орголтын талаар юу ч мэдээгүй гэж мэдэгдсэн. Ливаны Гадаад хэргийн яам түүнийг эх оронд нь шилжүүлэх тухай хүсэлт явуулж байсан тухай дурджээ.

Япон, Ливан хоёр улс хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээгүй тул Гоныхувь заяа одоогоор тодорхойгүй байна. Ливанд санхүүгийн тусламж үзүүлдэг Япон улс тус улсаас Гоныг шилжүүлж өгөхийн шаардана хэмээн хэвлэлүүд таамаглаж байна. Ингэхийн тулд Японы талд эхлээд гэрийн хорионд шалгагдаж байсан Карлос Гон тус улсаас хэрхэн гарсан талаарх асуултад хариулах хэрэг гарна.  

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чадвар(202.126.89.158) 2020 оны 01 сарын 04

Хэ хэ мундаг зохион байгуулжээ

0  |  0
ghanaa(155.4.39.118) 2020 оны 01 сарын 04

MUUHAI HALTAR BNA DAA

0  |  0
Top