Карлос Гоны нуугдсан хайрцгийг шалгаагүй байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Автомашин үйлдвэрлэгч “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гон Ливанд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хоёр цаг үргэлжилсэн хэвлэлийн бага хурлын үеэр Гон Японы шүүхийн тогтолцооны барьцаанд үлдэхийг хүсээгүй тул Японоос зугтсан хэмээн мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр Япон болон Японы ард түмэнд хайртай гээд тус улсын төлөө хийсэн зүйлд ийм хариу барьж буйг ойлгохгүй байна гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Японоос хэрхэн оргосон талаар сэтгүүлчдийн хүсэн хүлээсэн мэдээллийг өгөхөөс татгалзсан байна.

Франц, Бразил, Ливаны иргэншилтэй Карлос Гон “Nissan” компанийн хуучин хамтран ажиллагсад, ялангуяа тус компанийн гүйцэтгэх захирал асан Хирото Саикаваг түүний эсрэг үгсэн хуйвалдсан хэмээн буруутгажээ. “Японы засгийн газрын гишүүд мөн үүнд оролцсон” гээд нэрийн нь хэлхээс татгалзсан бөгөөд Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ хэрэгт холбоогүй гэж мэдэгджээ. Тэрбээр албан тушаалаа 2018 онд орхихыг зэхэж байсан ч түүнийг үлдэхийг хүссэн аж. “Харамсалтай нь би хүсэлтийг нь хүлээн авсан” гэж Гон ярьжээ.

Тэрбээр “Renault” компанид “Nissan” компанийг залгихад нь тусалсан гэж буруутгаж буйг үгүйсгээд харин ч эсрэгээр тэнцвэрийг хадгалахыг хичээсэн гэж тодруулсан байна.

Хэвлэлийн бага хурлыг дуусан дустал Карлос Гон Японы талыг шүүмжилснийг Токио хотын прокурорын газар өөрийн үйлдлээ зөвтгөхийн тулд Японы шүүхийн тогтолцоог харлуулж байна гэж хариу мэдэгджээ. Гоны хийсэн мэдэгдэл нь худал зүйл хэмээн онцолсон байна.

Японы хууль зүйн сайд Масако Мори мөн хэвлэлийн бага хурал зарлаж, Гон Японоос оргон зугтсан нь ямар ч улсын хуулиар уучилшгүй хэрэг хэмээн мэдэгдэв.

Японы гаалийн ажилтнууд Гоны нуугдсан хөгжмийн зэвсгийн овор ихтэй хайрцгийг шалгаагүй гэж NHK телевиз мэдээлжээ.

Тус телевизийн мэдээлснээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн өглөө Осака хотын Кансай нисэх онгоцны буудалд хувийн онгоцоор буусан хоёр эрэгтэй гаалийн ажилтнуудад хайрцагт хөгжмийн тоног төхөөрөмж бий гэж англиар хэлсэн гэнэ. Тэдний тайлбар сэжигтэй санагдаагүй тул хайрцгийг шалгаагүй гаргасан аж. Үүний дараа эл хоёр этгээд хайрцгийг нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудалд хүргэж, Осака хотын галт тэрэгний буудал орж, хурдны галт тэргээр Токио хотод иржээ. Карлос Гон мөн өдрийн үдээс хойш гэрээсээ гарсан байна. Хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгээс үзвэл, тэрбээр хар хувцас өмсөж, нүүрэндээ эмнэлгийн баг зүүсэн байжээ. Гон хоёр эртэй зочид буудалд уулзаж, хувцсаа солин, Токиогийн галт тэрэгний буудал руу хамт явсан аж. Тэд Осака хүртэл хурдны галт тэргээр явж, нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудалд ирсэн байна.

Тэнд Гон нөгөөх хайрцагт нуугдсан бөгөөд орой нь хувийн онгоцонд хайрцгийг ачжээ. Оройн ээлжид гарсан гаалийн ажилтнууд өмнөх ээлжийн үлдээсэн мэдээллийг үндэслэн хайрцгийг мөн шалгалгүй гаргасан гэж NHK телевиз мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top