ЕБС-иудад 4.3 сая орчим ам.долларын лабораторийн тоног төхөөрөмж өгөв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр /2019.01.09/ хүлээлгэн өглөө.

Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж буйг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар сургуулийн захирлуудад гардуулан өгөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  "Орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлага STEM боловсролыг хөгжүүлэхэд төвлөрч, улс орныхоо хэтийн хөгжил рүү чиглэж байна. Тиймээс бид сургалтын орчинг сайжруулах, хатуу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2020-2030 онд хэрэгжүүлэх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгасан" гэлээ.

21 аймаг, есөн дүүргийн сургуулиудад лаборатори нийлүүлэх энэхүү үйл ажиллагаа нь БСШУС-ын сайдын 2019 оны 491 дүгээр тушаалаар батлагдсан ахлах ангийн сурагчид сонгосон хичээлээ 198-594 хүртэлх цаг судлах сургалтын орчин орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж салбарын яам үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top