Хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг УИХ-ын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ.
Сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр гарах болсон байна. Энэ нөхцөл байдал нь аймгийн төвүүдийн хөгжил, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, газрын нэгдмэл сангийн тооллого, газар ашиглалтын бүртгэл мэдээллийг үнэн бодитой бүртгэх, хөтлөх ажилд хүндрэл учруулах болжээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй явж иржээ. Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.01.28/-ийн хуралдаанаар хэлэлцэн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )