Монголын хэвлэл мэдээллийн салбарын томоохон байгууллагын нэг “Эрхэт Монгол” медиа групп үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, менежментийн шинэчлэлээ шат дараатай үргэлжлүүлж байна.
"Эрхэт Монгол" медиа групп Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд 2002 онд “Зиндаа” сониныг эрхлэн гаргаснаар үндэс сууриа тавьсан түүхтэй. Тус сонин 1996 онд үүсэн байгуулагдсан боловч 2002-2011 онд тогтмол хэвлэгдэн, захиалгын тоогоороо Монгол Улсдаа таван жил дараалан тэргүүлж байв. Тасралтгүй 18 жил хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Эрхэт Монгол” медиа группийн харьяанд Монголын хамгийн том сэтгүүл “ЗИНДАА”, өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, өдөр тутмын "Өглөөний сонин", мэдээллийн ZINDAA.mn сайт, "Гранд" сэтгүүл, долоо хоногийн "Толь" сонин, шуурхай мэдээллийн Breakingnews.mn сайт, баримтат тулгуурласан нийтлэлийн Factnews.mn, Grandnews.mn сайт, олон улсын мэдээллийн "Чингис агентлаг", "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл тус тус үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Өөр өөрийн онцлог, үнэт зүйлээс бүрдсэн дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэгтгэн, брэнд болгон хөгжүүлж буй “Эрхэт Монгол” медиа групп өдгөө 120 гаруй сэтгүүлч, уран бүтээлч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт уран бүтээлчдийнхээ ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэх, орчин үеийн жишиг медиа оффис байгуулах төлөвлөгөөний хүрээнд 2020 оны эхэнд "Эрхэт Монгол" медиа групп оффисын бүрэн шинэчлэлүүдээ хийж дуусгалаа.
Шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд үргэлжлүүлэн ТВ8 телевизийн 1, 2-р студи, тайз заслын ажлыг хийж гүйцэтгэж байна.
ТВ8 ТЕЛЕВИЗ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛ ЭХЛҮҮЛЖ, ШИНЭ ОФФИСОО ХҮЛЭЭН АВЛАА
Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз нь 2006 оноос хойш 14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүр, дэлхийн аль ч улс орон амьдарч буй үзэгчдэд өөрийн брэнд болсон нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжилга, мэдээллээ хүргэн ажилладаг, “Ард түмний” тодотголоороо үзэгчдэд хэдийн хоногшсон телевиз билээ.
2019 оны тавдугаар сараас ТВ8 телевиз менежментийн шинэчлэл хийж, "Эрхэт Монгол" медиа группийн "Суваг Ти Ви Найм" ХХК-д харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Өдгөө ТВ8 телевизийн менежментийн шинэчлэл үе шаттай хэрэгжиж, бүтэц хүчин чадлаа тэлж, цоо шинэ өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байна.
Менежментийн хүрээнд 2019 онд техник, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийсэн бол 2020 оны хоёрдугаар сард цоо шинэ орчин бүрдүүлсэн медиа оффисыг байгуулан, өнөөдөр нээлтээ хийлээ. Түүнчлэн шинэчлэлийн дараагийн шатанд шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчиддээ хүрж эхлэхээр хугацаа товлон бэлтгэл ажлаа хангаж байна.
ТВ8 телевиз төр, засгийн шийдвэрийг олон нийтэд үнэн бодитой мэдээлэхээс гадна иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэдэг гэдгээрээ онцлогтой "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөрөө шинэчилж, "Өглөөний толь", "Өдрийн толь", "Хүүхдийн толь", "Ард түмний толь", "Шөнийн толь"-ийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байна.
Мөн олон мянган үзэгчийн таашаалд нийцсэн “Тавилан”, "Титэм" нэвтрүүлэг, олны танил болсон “100 асуулт” ток шоу, “15 раунд”, "Экологийн цаг" шинээр “Төлөв", "Лидер анализ", "Аргумент" нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх болно.
“ЗИНДАА” СЭТГҮҮЛ ОЮУНЛАГ УНШИГЧИДДАА 14 ДУГААР ХҮРГЭЛЭЭ
Монгол үндэстний түүх соёл, Монгол Улсын хөгжил дэвшил, Монголын нийгмийн уламжлал шинэчлэл, Монгол хүний ололт амжилт, Монголын баялаг бүтээгчдийн түүхэн замнал, Монгол билиг ухааны нэвтэрхий толь болсон оюунлаг, үнэ цэнэтэй хэвлэл байх нь “Зиндаа” сэтгүүлийн эрхэм зорилго билээ.
“Зиндаа” сэтгүүл 2016 оны 12 сард анхны дугаараа хэвлэн гаргаснаас хойш “Монгол Улсын 2017 оны шилдэг сэтгүүл”-ээр шалгарч, 2019 оны 12-р сар буюу гурван жилийн ойгоороо 14 дэх дугаараа оюунлаг уншигчдадаа хүргээд байна. Монголын хамгийн том сэтгүүлд зүй ёсоор тооцогддог “Зиндаа” сэтгүүл нь нийт 250-280 нүүрээр олон мянган хувь хэвлэгдэж, хамгийн шилмэл нийтлэл, өгүүлэл, ярилцлагуудыг багтаасан нандин мэдээ, мэдээллийг оюунлаг уншигчдадаа хүргэн Монгол Улсынхаа нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж байна. Уншигчид “Зиндаа” сэтгүүлийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгддэг "Эрхэм Зиндаа", "Халуун сэдэв", "Хүмүүн цадиг", "Үлэмж төгөлдөр", "Шинэ үе", "Реценз" зэрэг тогтмол булангууд амтархан уншиж ирсэн билээ.
ZINDAA.MN САЙТ МУЛТИМЕДИА КОНТЕНТ БЭЛТГЭН ТҮГЭЭЖ БАЙНА
Монголын цахим сэтгүүлзүйн салбарт ес дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ZINDAA.MN мэдээллийн сайт 2018 оны наймдугаар сараас менежментийн иж бүрэн шинэчлэл эхлүүлж, өдгөө шинэ бүтэц бүрэлдэхүүн, нийтлэлийн бодлого, өнгө төрхтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. ZINDAA.MN сайтад өдөрт 130.000-230.000 хүн тогтмол хандаж байна.
Бид Монголын Хэвлэлийн зөвлөлийн Ёс зүйн зарчмыг редакцдаа нэвтрүүлж, редакцийн бодлогоо ил тод зарлаж, 11 алба бүхий 30 сэтгүүлч, уран бүтээлчтэйгээр мэргэжлийн редакц бүрдүүлэн, ХАРААТ БУС, МЭРГЭЖЛИЙН, ЁС ЗҮЙТЭЙ сэтгүүлзүйг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна.
Эдийн засаг, банк санхүү, улс төр, нийгэм, хууль эрхзүй, урлаг спорт зэрэг бүхий л мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, аналитик тойм, олон талын байр суурьтайгаар ёс зүйн хэм хэмжээг баримтлан, хүний эрхийг дээдлэн хүргэхийг эрхэм зорилгоо болгосон бөгөөд орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмж, шинэчлэлтэй хөл нийлүүлэн зөвхөн бичмэл мэдээлэл бус үйл явдлын шууд дамжуулалт, видео мэдээ, аудио хэлбэрийн зохиол, нийтлэл зэргийг бэлтгэн хамгийн сонирхолтой хэлбэрээр хүрэх мултимедиа контентыг уншигч, үзэгч, сонсогчиддоо хүргэж байна.
Олон нийтийн сүлжээнд баримтлах редакцийн бодлогыг мөн ZINDAA.MN мэдээллийн сайт нэвтрүүлж, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн мэдээ мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан түгээж, "Миний нутаг" төслийнхөө хүрээнд 21 аймгийн мэдээллийн сүлжээг үүсгэн, гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсад мэдээллээ түгээх зорилтот шинэчлэлүүдийг шат дараатай гүйцэтгэсээр байна.
Түүнчлэн Zindaa.mn сайтын редакц шинэчлэлийнхээ хүрээнд 2019 оны төгсгөлд орчин үеийн жишигт нийцсэн шинэ оффисоо хүлээн авсан билээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН" ӨНГӨТӨӨР ХЭВЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
Үндэсний өдөр тутмын хэвлэл “Өглөөний сонин” нь 2006 оны аравдугаар сард үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш шилдэг нийтлэлийн бодлого, сэтгүүлчдийн ур чадвар, оновчтой менежментээрээ Монголын хэвлэлийн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан. Тухайлбал, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгааг өдөр тутмын 10 гаруй сониноос хэвлэлт, захиалгын тоо болон олон нийтэд үзүүлэх нөлөөлөл гэсэн үзүүлэлтээр жил бүр эхний тавд бичигдсээр ирсэн юм.
Монголын сонины холбооноос 2006 оны “Хамгийн олон уншигчтай өдөр тутмын шилдэг сонин”, 2007, 2008, 2009 оны Топ-5 сонины нэг, 2010, 2011, 2013 оны “Өдөр тутмын Шилдэг сонин”, 2012 оны “Шилдгийн шилдэг сонин”-оор тус тус шалгаруулсан. Мөн Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгээс шалгаруулдаг "Гранд 100" байгууллагын Хэвлэл мэдээллийн салбарын Гран при шагналыг 2013, 2014, 2015, 2016 онд дараалан хүртсэн "Өглөөний сонин" 2019 оны дөрөвдүгээр сараас “Эрхэт Монгол” медиа группийн харьяанд үйл ажиллагаа явуулж байна.
"Өглөөний сонин"-ы менежментийн шинэчлэл мөн шат дараатай хэрэгжиж, 2020 оны хоёрдугаар сараас бид өнгөтөөр хэвлэн уншигдадаа хүргэж эхэллээ. Цаашдаа дэлхийн тогтмол хэвлэлийн салбарт гарч буй ололт, шинэчлэл бүртэй хөл нийлүүлж, уншигчдадаа хамгийн түгээмэл хэлбэрээр хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйн бүтээлүүдийг хүргэхээр ажиллаж байна.
"ХҮҮХДИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ" БЯЦХАН УНШИГЧДЫН ГАРТ ОЧИХОД БЭЛЭН БОЛЛОО
Хүүхдүүд бол хамгийн анхааралтай үзэгч, сонсогчид төдийгүй хамгийн идэвхтэй уншигчид байдаг. 1991 оноос хойш Хууль зүйн яаманд 1800 орчим сонин хэвлэл бүртгэгдсэн дотор 60 гаруй нь л хүүхдийн чиглэлийнх байсан бөгөөд одоогоор маш цөөн тооны хэвлэл алдаг оног гарч байна. Иймд “Эрхэт Монгол” медиа группийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 2006 онд байгуулагдсан “Хүүхдийн нэвтэрхий толь” сар тутмын сэтгүүлийг дахин гаргаж, бяцхан уншигчдынхаа гарт хүргэхэд бэлэн боллоо.
Монгол Улсын хэмжээнд 6-15 насны 574 мянга гаруй хүүхэд байгаа бөгөөд тэдний танин мэдэхүйн болон оюуны эрэлт хэрэгцээг хангах зорилгоор энэхүү сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа юм. Нийгмийн эрэлт хэрэгцээг нарийвчлан судлахын тулд хүүхэд, эцэг эх, багш, мэргэжилтнүүдээс түүвэр судалгаа авч нэгтгэн, сэтгүүлийн агуулгаа тодорхойлоод байна.
“Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн агуулгыг боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, энтертайнмент гэсэн дөрвөн чиглэлээр багцлан бэлтгэж уншигч хүүхдүүддээ өргөн барихад бэлэн боллоо. Ийнхүү шинэ мянганы шилдэг иргэдийг төлөвшүүлэх гэгээн үйлсэд “Эрхэт Монгол” групп тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулахаар хичээнгүйлэн зорьж байгаа бөгөөд бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
"ГРАНД" СЭТГҮҮЛ "ЭРХЭТ МОНГОЛ" МЕДИА ГРУППТ НЭГДЛЭЭ
"Эрхэт Монгол" медиа группийн харьяанд 10 жилийн түүхтэй "Гранд" сэтгүүл, grandnews.mn сайтын редакц 2020 оны хоёрдугаар сараас нэгдэн үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Фото мэдээллийн ”Гранд” сэтгүүл нь 2010 оны аравдугаар сарын 12-нд худалдаанд гарч байсан бөгөөд 2020 онд 10 жилийн ойтойгоо золгож, Монголын чөлөөт хэвлэлийн зах зээлд өнгөт сэтгүүлийн орон зайд байр сууриа бататган, цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж яваа юм. Сар тутам 60-72 нүүрээр тогтмол гарч, өдгөө 127 дахь дугаараа уншигчдад хүргээд байна.
Хэн нэгэн бусдын төлөө сайн үйл хийсний төлөө талархан сайшаах нь хүний сайхан ёс. Чухам тэр эрхэм хүмүүсээр дамжуулан хүнлэг сэтгэл, хүмүүнлэг үйл хэрэг нь хүний амьдралын хамгийн сайхан гавьяа, утга учир болохыг олон нийтэд ойлгуулах нь сэтгүүлзүйн нэг эрхэм үүрэг юм. Тус сэтгүүлээс санаачлан ”Grand people” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж нэр төр бүхий хүнлэг эрхмүүдийг тодруулан өргөмжилж ирсэн билээ. Энэхүү ёслолын ажиллагаа нийгмийн өнгө төрхийг тодорхойлсон манлайлагч хүмүүсийг олон нийтэд таниулан амжилт бүтээлийг нь нийтэд хүргэсэн үр дүнтэй9 соён гэгээрүүлэх арга хэмжээ болсон юм.
Тус сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг “Цэнхэр оймстууд” номондоо өөрийн “Гранд би” ярилцлагын буланд урин ярилцсан салбар салбарын шилдэг хүмүүсийн нийт 42 ярилцлагыг багтаан, 2017 онд уншигчдын гарт хүргэсэн нь сэтгүүлзүйн салбарын чухал судлагдахуун, шинэ цагийн сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бүтээл болж байлаа.
GRANDNEWS.MN
Фото мэдээллийн Grandnews.mn сайт 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Скандал ярилцлагууд, фото сурвалжилга, кино шүүмж, “Гранд педиа” хөрөг нийтлэлийн булан, уншигчдын хамгийн их сонирхдог мэдээний булан зэрэг хэсгээс тус сайт бүрддэг. Сошиал медиа эрчээ аваагүй байх үед сайтын ярилцлага тогтмол 30 мянган хандалт, түүнээс давж байсан нь тус сайтын тогтоосон рекорд байв. Grandnews.mn сайт өнөөдөр чанартай мэдээ мэдээлэл, папараци зураг, энтертайнмент мэдээллийн давлагаа, өөрийн гэсэн бичлэгийн өнгө аяс, уншигчидтай сайт болж чадсан байна. Чөлөөт сэтгүүлзүйн уламжлалт хэв маягийг орчин цагийн өнгө аястай хослуулсан нь уншигчдыг татах хамгийн чухал зүйл болж байв. Томоохон арга хэмжээний маргааш тус сайтаас тогтмол фото зураг болон сурвалжилга, нийтлэл унших боломжтой ба шуурхай байдал нь мөн уншигчдын таашаалд ихэд нийцдэг байв. Хэдийгээр зөвхөн өөрийн 31375 дагагчтай пэйж хуудсаараа мэдээллээ шэйрлэн түгээдэг ч уншигчийн тоо одоо хэр нь тогтвортой сошиал орчинд орон зайгаа хадгалж байгаа нь тус сайтын архив, зургийн урын сан, сэтгүүлчдийн ур чадвартай салшгүй холбоотой.
Ийнхүү "Эрхэт Монгол" медиа групп "Зиндаа" сэтгүүл, өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, өдөр тутмын "Өглөөний сонин", Долоо хоног тутмын "Толь" сонин, мэдээллийн ZINDAA.MN, BREAKINGNEWS.MN, FACTNEWS.MN, GRANDNEWS.MN сайтууд, "Чингис" олон улсын мэдээллийн агентлаг, "Гранд" сэтгүүл, "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүлийг эрхлэн гаргаж, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн, хараат бус, мэргэжлийн медиа редакциудыг төлөвшүүлэх зорилгынхоо төлөө үе шаттай шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, менежментийн шинэчлэлээ амжилттай үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )