Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Өнгөрсөн онд Соёлын багц хуулийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг  Улсын их хуралд өргөн барьсан. Уг хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.Улмаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019  онд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа. Шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж “Номын сангийн тухай хууль”, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль” зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн хамт боловсрууллаа.

Уг хууль батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний соёлыг хадгалах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбарт мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгаа, шинэ техник технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ.

-Соёлын харилцаагаар дамжуулан эдийн засгаа тэлэх боломж хэр байна вэ?

-Соёлын харилцаагаар дамжуулан олон улсад Монгол Улсаа, монгол хүний эерэг төсөөллийг бий болгох, цаашлаад соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгаа тэлэх боломж нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.

 

“Виртуал музей” төслөөр орон зайгаар аялуулж, харж, мэдрэх өвөрмөц орчныг бүрдүүлээд байна

 

-Уран бүтээлийн чансаа, уран бүтээлчдийн чадвар ярихын өмнө Соёл, урлагийн ажилтны цалин хангамж бага байдаг. Энэ асуудал дээр төр засгаас хэрхэн анхаарч байна вэ?

-Соёл, урлагийн салбарын ажилчдын цалин хөлс төрийн үйлчилгээний бусад ажилчдаас харьцангуй доогуур байсныг Засгийн газрын  2018 оны 264 дүгээр тогтоолоор  батлуулж, тус салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчилснээр соёл, урлагийн ажилтны цалин 16-36 хүртэл хувиар өссөн.  Төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ болон доод жишгийг 2019 оны Засгийн газрын 24, 472 дугаар тогтоолоор тус тус 8 хувиар нэмэгдүүлснээр  2020 оны 1 дүгээр сараас соёл, урлагийн ажилтны цалин 32-52 хувиар нэмэгдсэн.

-Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан монгол соёлын өв, музейн үзмэр шинээр бий болгож, олон нийтэд хүргэх зорилготой “Виртуал музей” төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан монгол соёлын өв, музейн үзмэр шинээр бий болгож, олон нийтэд хүргэх зорилготой “Виртуал музей” төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей, Баянхонгор аймгийн музейд орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг байрлуулан, үзэгчдийг тухайн цаг хугацаа, орон зайгаар аялуулж, юмс үзэгдлийг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдрэх өвөрмөц орчныг бүрдүүлээд байна.

-Өнгөрсөн жил Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчийг анх удаа шалгаруулсан үйл явдал болсон.  Энэ шалгаруулалт жил уламжлал болгон зохион байгуулагдах уу?

-Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, уртын дууч Доржийн Дуламыг шалгаруулж, хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөгийн эзнээр тодруулсан байгаа. Уртын дууч Доржийн Дулам гуай  1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Дөмөн уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн ховорхон авьяастай тэрээр ард олныхоо дунд Дөмөн Дулмаа нэрээр алдаршсан хүн. Монгол Улс ЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд “Уртын дуу” соёлын биет бус өвөө 2009 онд ЮНЕСКО”-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн.

-“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Тус үйл явдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэж баталлаа.  Хөхүүрийн айраг эсгэх уламжлал, түүнд холбогдох зан үйл өвийг уг жагсаалтад бүртгүүлснээр айраг эсгэх уламжлалт арга технологийг олон улсын дэмжлэгтэйгээр хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна.

- Соёл урлагийн салбарын гадаад хамтын ажиллагааны цар хүрээ 2019 онд хэрхэн өргөжих боломж бүрдсэн бэ?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Колумби Улсад  хийсэн айлчлалын хүрээнд ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалт, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хуралдаанд оролцож, салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргалаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо амжилттай зохион байгууллаа. Соёлын өдрүүдийн хүрээнд “Монголын кино өдрүүд”, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, “Алтан ерөөл” зэрэг урлагийн тоглолтоор соёл, урлагаа сурталчиллаа.

Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо алдарт Капелла театрын концертын их танхимд Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж, эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэн болон Монголын шилдэг уран бүтээлчдийн  тоглолтыг амжилттай зохион байгуулсан байгаа.

Эх сурвалж: chuhal.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top