Н.Маралмаа: Цагаан сарын өдрүүдэд хэрүүл тэмцэл хийхийг муу ёр гэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Монгол үндэстний уламжлалт баяр цагаан сарын үүх түүх, ёс уламжлалын талаар ШУА-ийн Хэрэглээний угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн салбарын эрхлэгч Н.Маралмаатай ярилцлаа. Түүхэнд цагаан сарыг тэмдэглээгүй он жилүүд бидэнд бий. Улс төрийн шалтгаанаар “Лам нарын сайн өдөр, зарц ядуусыг мунхруулан мөлжих өдөр, феодалуудын цэнгэлийн өдөр, феодалын үүсгэсэн харгис зүй” зэргээр цагаан сарыг нэрлэж байсан үе байдаг аж. Харин энэ жил шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Ерөнхийлөгчийн зарлигаар цагаан сарыг хориглоод байна.


 -Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр цагаан сарыг тухайн жилдээ өнгөтэй, өөдтэй явахыг бэлгэдэн тэмдэглэсээр ирсэн. Анх хэрхэн тэмдэглэж байсан түүхээс хуваалцаач?

-Эрт үеэсээ монголчууд цагаан сарыг урин хавартай золгосны баяр, шинэ жилийн эхлэл хэмээн үзэж тэмдэглэж ирсэн. Хамгийн анх Италийн жуулчин Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” бүтээлдээ Хубилай хааны ордонд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг хийгээд монголчуудын ахуй соёлын талаар дүрсэлснийг ярьж өгье. Түүний бүтээлд “Татаарын ёсонд шинэ он буюу цагаан сар хоёрдугаар сард эхэлдэг. Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй ялгаагүй цагаан хувцас өмссөнөөр тухайн жилдээ аз жаргалтай, амар тайван байхыг бэлгэддэг. Их хаандаа алт, мөнгө, сувд, тана зэрэг эрдэнийн чулуу, үнэт цагаан бүс арвин ихээр бэлэглэнэ. Ингэснээр хааны хөрөнгө тухайн жилдээ арвижин дэлгэрч, баясгалантай байхыг бэлгэддэг. Ноёд тайж, баатар эрсээс эхлээд энгийн харц ардууд хүртэл цөм бие биедээ цагаан өнгийн эд харилцан бэлэглэнэ. Харилцан бие биенээ хүндлэн золгоно. Цагаан сарын шинийн нэгний өдөр нэг бум гаруй цагаан зүсмийн аргамаг сайхан хүлэг морьдыг их хаанд бэлэглэж, ан араатан, жигүүртэн шувууг хатгаж хээлсэн цагаан өнгийн тохош нөмөргөсөн таван мянган заан авч ирнэ” гэж бичсэн байдаг.

-Цагаан сар хэмээх нэрийг тайлбарлана уу. Бид цагаан сар, Сар шинийн баяр гээд л өөр өөрийнхөөрөө ойлгож нэрлэдэг. Нэгдсэн нэршил яг аль нь вэ?

-Монголчууд эрт үед цагаан идээ элбэг намрын сард цагаан сарыг хийдэг байсан учраас “Цагаан сар” гэж нэрлэх болсон. Бэлгэдэл нь олон утгыг агуулдаг учраас янз бүрээр нэрлэж байна. Харин тогтсон нэршил нь цагаан сарын баяр юм.

-1952 онд маршал Х.Чойбалсан нас барсан учраас цагаан сарыг тэмдэглээгүй гэдэг. Үүний дараа жил бас тэмдэглээгүй. Монголын түүхэнд цагаан сарыг тэмдэглээгүй үлдсэн он жилүүд хэр олон байв аа?

-Монголын түүхэнд 1928 онд Зүүнтний үе гэж эхэлсэн. Улмаар 1930 орчим оноос нам төрийн эрх баригчид цагаан сарыг “Лам нарын сайн өдөр, зарц ядуусыг мунхруулан мөлжих өдөр, феодалуудын цэнгэлийн өдөр, феодалын үүсгэсэн харгис зүй” зэргээр нэрлэж байв. 1932 оноос Монгол орон даяар, ялангуяа хот, суурин газруудад битүүлэг, цагаалаг хийхийг хориглосон байна. Энэ үед цагаан сарыг тэмдэглэсэн хүнийг феодалын үлдэгдэл гэж үзээд дарамт шахалт үзүүлэх болсон. Харин дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Монгол оронд зуд турхан, ган гачиг тохиосон учраас ард түмний тавгүйтсэн сэтгэлийг сэргээхийн тулд 1940 онд хөдөөгийн малчдад цагаан сар тэмдэглэхийг Улсын бага хурлаас зөвшөөрсөн. Гэтэл 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Х.Чойбалсан нас барж, цагаан сарын шинийн нэгнийг гашуудлын өдөр болгов. Дараа жилийнх нь мөн өдрийг ч гашуудлын өдөр болгож, Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар цагаан сарыг ажлын өдөр болгосон. Энэ нь хэрэг дээрээ цагаан сарыг тэмдэглэхийг дахин албан ёсоор хориглосон шийдвэр байсан.

-Цагаан сарыг зөвхөн малчид тэмдэглэдэг байсан гэж үү?

-Тийм гэж ойлгож болно. 1960 онд цагаан сарыг зөвхөн нэгдэлчдийн баяр болгож “Нэгдэлчдийн өдөр” хэмээгээд хөдөө аж ахуйн салбар тухайн өдрөө амардаг байв. Үүнээс хойш малчдаас бусад анги давхаргад цагаан сар тэмдэглэхийг зөвшөөрдөггүй, ялангуяа хот суурин газарт ёслон өнгөрүүлэхэд хүртэл яаж ийгээд саад хийсээр 70 орчим жил олон зуунаар уламжлагдан ирсэн ард түмний баяр, төр ёсны их баяраа голдуу хот хүрээнийхэн хасуулж, үе үе зэрвэсхэн тэмдэглэж, зарим үед “Нууц баяр” болсон. Ингэж явсаар 1988 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн дугаар 244, “Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны тогтоол”-д цагаан сарын баяр ёслолыг тэмдэглэх журмын тухай гаргасан. Тогтоолд “Намын байгууллага, хөдөлмөрчдөөс удаа дараа гаргаж байгаа саналыг үндэслэн, улс оронд хэрэгжүүлж буй шинэчлэлийн олон талт арга хэмжээний нэг бүрэлдэхүүн хэсэг болгон уламжлалт баяр ёслолыг 1989 оноос эхлэн дараах байдлаар тэмдэглэж байхаар тогтоосугай. Үүнд, гуравдугаарт Билгийн улирлын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг бүх ард түмний амралтын өдөр болгох” зэргээр тусгасан байна. Үүнээс хойш л “Малчдын баяр” нэртэй болоод байсан цагаан сарыг хуучин уламжлал ёсоор бүх нийтээр тэмдэглэх болсон юм. Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны баяр цагаан сарыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэж, Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг “Бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд” хэмээн нэрийдэж, энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоосон байна.

-Монголын цагаан сар 70 орчим жил хүндхэн цаг үеийг давж иржээ. Дөнгөж 1988 оны арванхоёрдугаар сарын 23-нд албан ёсоор бүх нийтээр тэмдэглэх болсон байна. Бүх нийтээр тэмдэглэх болсонд юу голлон нөлөөлсөн бэ?

 -1990 оны ардчилсан хувьсгал гарахтай зэрэгцээд монголчуудад үндэсний язгуур уламжлалаа сэргээх оролдлого хүчтэй илэрсэн нь голлон нөлөөлсөн. Үндэсний уламжлалт баяр, төр ёсны баяр цагаан сараа сэргээн тэмдэглэснээр бид үе удам, зан заншлаа сурч мэдэлцэх болсон. Харин “Төгсбуянтын зурхай, шар зурхай, монгол тооллын алинаар нь цагаан сараа тэмдэглэх вэ” гэсэн маргаан сүүлийн 20 жил үргэлжилж байна.

-Цагаан сарыг суурин газарт гэхээс илүү хөдөө, орон нутагт илүүтэй дэлгэр тэмдэглэнэ. Улаанбаатарт төрж өссөн хүүхдүүд ёс заншлаасаа алсрах вий хэмээн зовних хүмүүс бий байх. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Цагаан сар бол монголчуудын үндэсний баяр гэдэг утгаараа бусад янз бүрийн баяраас илүү ач холбогдол өгөх нь зүйтэй. Гэхдээ улс оронд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байгаа энэ жилийн цагаан сарыг эс тооцвол шүү. Ер нь аливаа соёл цаг үеэ дагаж хувьсдаг. Бид нүүдэлчин ахуй, соёлоо мэднэ. Гэхдээ суурин соёлд дасаж яваа улс. Суурин соёлтой хүмүүс нэгэнт мал маллаж, нүүдэллэж амьдардаггүй учраас цагаан сарыг цомхон тэмдэглэж болох юм. Харин хөдөө тухайн жилд мал нь хэр өнтэй тарган орсныг шинжиж, ирж буй хавартаа мал маллагаандаа хэрхэн анхаарахаас улбаалж ууц, өвчүүг чанаж, ёс заншлын дагуу тавьж байрлуулдаг.

Шинийн нэгний өглөөний нараар тухайн жилийнхээ өнгө, цаг агаарыг шинждэг сайхан уламжлал, танин мэдэх дуусашгүй өв соёл бидэнд байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр цагаан сараар бүх айл ууц, өвчүү тавих гэж хичээж цагаан сарын баярыг тэмдэглэдэггүй. Ууц, өвчүүг төлөөлүүлж бага идээ засах, хүүхэд, ахмадуудаа баярлуулах гэж зохимжтой бэлэг сэлт өгөх хэрэгтэй. Ер нь юунд ч талархах, хүндлэх сэтгэл бол цагаан сарын баяраар сурах зүйлсийн нэг.

-Миний мэдэхээр 2000 оны эхээр хөдөө, орон нутагт ах дүү, хамаатан саднаасаа гадна айл хотлоороо цагаан сар тэмдэглээд тор тороор нь бэлэг цуглуулдаг байсан санагдана. Монголчууд улсын төсвийн 10 орчим хувь буюу нэг их наяд төгрөгийг цагаан сард зарцуулж, зарцуулж байгаа мөнгөнийхөө дийлэнхийг бэлэг сэлтэд зардаг. Шинэ коронавирусээс сэргийлж цагаан сарыг тэмдэглэхгүй байхтай зэрэгцээд уламжлалт баяраа хэт хавтгайруулж тэмдэглэх асуудал багасаасай гэж бодох юм?

-Монголчууд бие биедээ цагаан өнгийн зүйлс бэлэглэдэг байсан хэмээн судар бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Тухайн үед монголчуудад бүх зүйл элбэг дэлбэг байгаагүй. Ойр дотнын хүмүүстэй очиж золгодог байсан учраас өөрсдийн гараар хийсэн эд зүйлс эсвэл хэрэгцээтэй бэлэг өгөхийг үнэтэйд тооцно. Өндөр настай хүндээ дээлийн өнгө, хоргой торго, хүүхдэд чихэр боов өгнө. Тэгэхээр бэлгэдлээ бодоод гар цайлгадгаас бус үнэ ихтэй, гял цал зүйл өгөх нь чухал биш. Аль болох өөртөө хялбар тусах бэлэг сэлт бэлдэж, өөрсдийн хийсэн болон үндэсний үйлдвэрлэлийн эд зүйлс, бүтээгдэхүүн сонговол зохимжтой санагддаг.

-Нийтийг хамарсан бүх үйл ажиллагааг хориглоод байна. Энэ нь цагаан сарын баярт мөн хамаарна. Таны яриаг сонсоод байхад бэлгэдэл их чухал юм аа. Тэгэхээр бид уламжлал, ёс заншил талаасаа шинэ оныг хэрхэн угтвал болох вэ?

-Цагаан сарын шинийн нэгний өглөө наран ургахаас өмнө эртлэн босч хамгийн сайхан дээл хувцсаа өмсөнө. Зарлиг, шийдвэр ёсоор уулын оройд цуглаж нар харахгүй ч гэсэн сэтгэлдээ сүү өргөж болно. Хамгийн чухал нь хүндлэл. Ураг төрлийнхөө өндөр настантай золгохгүй түр өнжихөд болохгүй юм байхгүй. Тэглээ гээд уламжлал, ёс заншил алдагдахгүй. Түүхэндээ цагаан сарыг тэмдэглээгүй он жил олон байдгийг сая хэллээ. Харин гэр дотроо золгохдоо малгайгаа өмсөж, бүрэн хувцастай золгодог гэдгээ санаарай. Хөдөө бол хэт хутгаа буулгаж, нударгаа сэгсэрч золгодог нь хар буруу санаагүйн илрэл гэдэг. Цагаан сараар бэлэгтэй сайхан үгс хэлэлцэж, үр хүүхдэдээ удам судрыг нь таниулж, хууч домог сонсож, уламжлалт тоглоом наадгайгаа тоглож ая тухтай сайхан байгаарай. Холын аян жинд явж байгаа ганц хүн байсан ч гэсэн шинийн нэгний өглөөний мандах нар луу эгцлэн харж суугаад, малгайгаа авч хоёр гардан бариад нартай золгож шинэлдэг уламжлалтай. Хүндэтгэлийн утгаар жилд нэг удаа золгоно. Нэгээс илүү золговол насанд цөвтэй гэж цээрлэдэг. Цагаан сарын өдрүүдэд хэрүүл тэмцэл хийхийг муу ёр гэнэ. Аливаа бүхнийг дүүрэн байлгахыг хичээнэ. Сав саалиа дүүргэснээр шинэ жилдээ дүүрэн арвин байхыг бэлгэддэг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Du(66.181.180.94) 2020 оны 02 сарын 21

Shineleg sudalgaa baihgui

0  |  0
ss(103.57.92.207) 2020 оны 02 сарын 21

hduu zaaval uuts tavih yosgvishdee,,baga shvvs bhadl bolno..tgd setgelee tsever bailgaj,shine on, shine havartai ervvl enh zolgoj b.gaa bayar,,heterhii hvndrvvlehgvil yosloh heregteo bizdee..buun ih medeghc nar bh yum..

0  |  0
ss(103.57.92.207) 2020 оны 02 сарын 21

hduu zaaval uuts tavih yosgvishdee,,baga shvvs bhadl bolno..tgd setgelee tsever bailgaj,shine on, shine havartai ervvl enh zolgoj b.gaa bayar,,heterhii hvndrvvlehgvil yosloh heregteo bizdee..buun ih medeghc nar bh yum..

1  |  0
Z(202.9.47.49) 2020 оны 04 сарын 09

ХА ХА ХА

3  |  0
Top