Их, дээд сургуульд элсэгчдийн монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулжээ.
Учир нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр зогсоож, хөл хориог ирэх гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбоотойгоор дээрх шалгалтын товыг цуцалсан байна.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Арванхоёрдугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авдаг. Түүнийг авна. Одоогийн төлөвлөсөн байгаагаар дөрөвдүгээр сарын 25-нд эхний шалгалт авна. Энэ шалгалтад орж амжаагүй болон амжилттай өгч чадаагүй хүүхдүүдэд хоёр дахь боломж болгож шалгалт авдаг. Түүнийг тавдугаар сарын 16-нд гэж төлөвлөж байна. Энэ хоёр шалгалтаа бол авна. Яагаад гэвэл монгол хэлнийхээ шалгалтын босго оноог давж байж их, дээд сургуульд суралцах асуудал яригдана шүү дээ. Тийм учраас энэ хоёр шалгалтыг бол 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд заавал өгнө. Гэхдээ энэ монгол хэлний шалгалт бол хичээл сургууль теле байдлаар явж байгаатай холбоотой хүндэрсэн агуулга байдаггүй. Ерөнхий 12 дугаар ангийн хүүхдийн хэмжээнд ийм мэдлэгтэй байх ёстой гэдэг агуулгаар нь авдаг. Босго оноо нь 400 хэвээрээ байна” гэв.
Энэ жил 32 мянган сурагч ЭЕШ өгөх тооцоо бий. Улсын хэмжээнд 50 шалгалтын төв дээр ЭЕШ-ыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг ВИДЕО хэлбэрээр үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )