Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцлах тухай сайдын тушаал гарчээ. Тушаалыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүлсэн байна.
Энэ жил сурагчид улсын болон анги дэвших шалгалт өгөхгүй, шалгалтын дүнгээ жилийн эцсийн дүнгээр тооцуулна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 5-нд энэ талаар “Энэ жил улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг бол авна. Анги төгсөх болон бусад улсын шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй гэсэн үг. Ер нь бол төгсөлтийн улсын шалгалтыг тавдугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангиас л авч байгаа шүү дээ. Өнгөрсөн хичээлийн эхлээд бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахыг болиулсан. Бага ангийн хүүхдүүд анги төгсөх шалгалт өгдөггүй. Тэгэхээр энэ жил улсын шалгалтууд болон анги төгсөх шалгалтуудыг зохион байгуулахгүй гэж ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар таван долоо хоногийн буюу 35 хоногийн танхимын хичээл тасарч, үүнтэй холбоотой теле хичээлээр энэ хоцрогдлыг нөхөх асуудал явж байгаа. Тэр таван долоо хоногийнхоо хичээлийг сурагчид дөрөв, тавдугаар сардаа эргэж харж өндөр шахуу үзэх учраас бид энэ хичээлүүдийнхээ хоцрогдол, агуулгыг нөхөх асуудалд л гол анхаарлаа хандуулна. Түүнээс биш хүүхдүүдийг төгсөлтийн шалгалтад бэлтгэх, өөр янз бүрийн шалгалт, уралдаан, олимпиад руу сатааруулж болохгүй гэдэг чиглэл өгч байгаа” хэмээж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )