Б.Чулуунтамир: Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн 100 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж буй билээ. Гэвч тэдний ар гэрийнхэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хэл амаар доромжилж, эмнэлэг рүү нь дайрч орох гэсэн тохиолдол гарч буй аж. Улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байхад ийнхүү авирлаж буй хүмүүст ямар хариуцлага тооцож буй талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа.


-Хорио цээрийн дэглэм зөрчиж, эрүүл мэндийн байгууллагынхан руу халдах гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна гэсэн. Ийм хүмүүст хэрхэн хариуцлага тооцож байна вэ?

-Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдэж, ХӨСҮТ-д 100 гаруй хүнийг тусгаарлаад байна. Мөн УОК-оос холбогдох байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарынхныг өдөр бүр 24 цагийн турш ээлжлэн үүрэг гүйцэтгүүлж байгаа шүү дээ. Иргэд УОК-оос гаргасан хорио цээрийн дэглэм, хязгаарлалтуудыг сайтар сахиж байгаа боловч зарим хүн санаатай болон санамсаргүйгээр зөрчиж, үүрэг гүйцэтгэж байгаа дээрх байгууллагуудын ажилтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцэх тохиолдол гарч байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөх, өвчнөө нуух, эмчлүүлэхээс зайлсхийх, тусгаарлах байрнаас гарахаар бусдыг өдөөн турхирах үйлдлүүд ч гарч байна. Иймээс иргэд маань хуулиа мэдэх шаардлагатай байна. Манай Эрүүгийн хуульд онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан аливаа гэмт хэрэг үйлдсэн бол энгийн үеийнхээс хоёр дахин хүнд ял оноохоор хуульчилсан. УОК-ын гаргасан шийдвэрийг зөрчсөн хүмүүст цагдаагийн алба хаагч хуульд заасан албадлагын арга хэмжээ авч болохоос гадна Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг тухай бүрт нь авч байгаа.

-Олон нийтийн сүлжээгээр худал мэдээ тараасан, хорио, цээрийн дэглэм зөрчиж товчоодоор явганаар хот руу орох гэсэн тохиолдол нэг бус гарсан. Хариуцлага ч тооцсон тухай мэдээлэл гарч байгаа?

-Тийм ээ. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцож байгаа. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг 150, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай. Мөн бусдын аминд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд тусгасан. Түүнчлэн бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хууль үйлчилж байна. Харин хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хариуцлага тооцож, нэг бус хүнд арга хэмжээ авсан.

-Зарим аж ахуйн нэгж, хувь хүн бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт бий юү?

-Эрүүгийн хуулийн 18.1 дэх хэсэгт “Зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах хэлцэл хийж зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасны дагуу хариуцлага тооцно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.2-7 дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: ЦЕГ

Top