Олимпод бэлтгэх тамирчдын бэлтгэлээс бусад бүх урлаг, спортын арга хэмжээг хориглолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/ 

Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.

Засгийн газрын тогтоол гарч, энэ шийдвэрийг албажуулна. 

Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар ийнхүү Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, одоо мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан юм. 


Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг сунгасан шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ цэцэрлэгийн 500 цаг, Ерөнхий боловсролын сургуулийн 1146 цагийн хичээлийг өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр гаргасан. Одоогийн байдлаар дэлхийн 114 улс орон цэцэрлэг, сургуулийнхаа үйл ажиллагааг зогссож, 896 сая хүүхэд хорио цээрийн дэглэмд орсон байгаа. Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгасантай холбоотой дараах зохицуулалтыг хийнэ.

Манай салбарт багтдаг соёл урлагийн нэгдсэн арга хэмжээ, тоглолтууд олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүд эхний хагас жилд бүрэн зогсоосон. Зөвхөн олимпод бэлтгэх зорилготой улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг онцгой горимоор, Улсын онцгой комиссын шийдвэрийн онцгой дэглэмтэй орчин нөхцөлд бэлтгэл хангах ажил явна. Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн сургалт, семинар зохион байгуулахгүйгээр судалгаа , шинжилгээний ажлаа үргэлжлүүлнэ” гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top