Цахим номын сангаар 10 мянга гаруй хүүхэд үйлчлүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Хүүхдийн төв номын сан энэ сарын 16-ны өдрөөс эхэлж хүүхдүүдэд зориулж цахим номын сан ажиллуулж байна. Тус номын сан хөл хорио тогтоосон нэгдүгээр сараас эхэлж хүүхдүүдэд гэрээр ном олгож байсан боловч гуравдугаар сараас эхэлж үйл ажиллагаагаа бүрэн зогсоох шийдвэр гарч ийнхүү цахим номын санг идэвхжүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар цахим орчинд 0-15 насны хүүхдэд зориулсан үлгэр, өгүүллэгийн 300 шахам нэр төрлийн номыг түгээгээд байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 мянга хоёр гаруй хүүхдүүд уншсан байна.

Үүнээс “Цэцэн бэрийн үлгэр”-ийг видео бичлэгээр оруулсан нь хамгийн их хандалт буюу 800 хүн сонсжээ. Хүүхдийн төв номын сан нь хэвийн ажиллаж байх үедээ өдөрт 250-300 хүүхэд хүлээн авч үйлчилдэг байсан бөгөөд хүссэн номыг нь гэрээр үнэ төлбөргүй өгч явуулдаг. Хүүхдүүдийн уншиж буй номоос уран зохиолын ном 60 хувийг эзэлдэг талаар тус номын сангийн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг хэлэв.

 

Шинэ төрлийн вирусний дэгдэлтийн улмаас сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, урлаг соёлын газар, номын сан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ. Олон сар хөл хорионд байгаа хүүхдүүд цахимаар хичээл орж байгаа хэдий ч оюун ухаан, сэтгэх бодох чадвар, дасгал хөдөлгөөн, урлаг соёлын тал дээр хоцрогдох хандлагатай байгаад хэн хүнгүй зовниж байна. Тиймээс Соёл, урлагийн сайд нь холбогдох байгууллагуудыг хүүхдүүдэд чиглэсэн контент үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг чиглэл өгөөд билээ. Энэ хүрээнд Хүүхдийн төв номын сангаас ном уншихыг уриалсан уриалга, өсвөр насны охид, хөвгүүд уншвал зохих номын зөвлөгөө, зөвлөмж зэргийг  тогтмол өгөхийн сацуу энэ сарын 30-ны өдөр хүртэл хүүхдүүдийн дунд цахим номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Уралдаанд хамгийн олон ном уншсан хүүхдүүдийг номоор урамшуулах бөгөөд цахим номын сангаар үйлчлүүлэхийг хүссэн хүүхдүүд “Хүүхдийн төв номын сан” гэсэн цахим хуудсаар зочлоорой.

  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top