Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж буй "Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. /2020.04.02/
Бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.
Тэрбээр "Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Монгол туургатны эх түүх, үндэсний соёлыг бататган эзэн Чингис хаанаараа овоглосон энэхүү музей нь түүх соёл, оюуны эх орд болно. Чингис хааны музейгээр дамжуулан үр хойчдоо эх түүхээ өвлүүлэн үлдээж байна. Хүчин зүтгэсэн бүх хүмүүст, дэмжиж тусалсан ард иргэддээ Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархъя. Өнөөдөр сайн цагийн эхлэл, сайн үйлийн үргэлжлэл болгож, чингис хааныхаа музейн бүтээн байгуулалт ийнхүү эхэлж байна" гэв.
Түүнчлэн "Музейн барилга дээшээ есөн давхар, доошоо нэг давхар байх бөгөөд хоёр жилийн хугацаанд баригдаж дуусна. 2020-2021 оны улсын төсөвт 53 тэрбумын хөрөнгө оруулалт тусгагдсан. Санхүүжилт гацах зэрэг асуудал үүсэхгүй. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой. Түүхийн хичээлийг энд сургадаг байгаасай гэж бодож байна. Музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулна. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авчрах үүрэг өгсөн" гэсэн юм.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )