Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр сард хийсэн ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн талаар өнөөдөр /2020.04.08/ мэдээлэл хийлээ.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог “Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бусдыг гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргүүд зонхилон гарсан байна. Түүнчлэн өнгөрөгч онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, 25 сэтгүүлчид тус бүр 2 сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ” гэлээ.
Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Улсын ерөнхий прокурорын туслах Ц.Ариунболд “Нэг жилд 80 орчим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж байна. Авлига албан тушаалын 619 хэрэгт хяналт тавьж, 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 104 хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Энэ төрлийн хэргийн 80 хувь нь нийслэл хотод, 20 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Мөнгө угаах 132 хэрэгт хяналт тавьж, 25 хэргийг хааж, 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн 702 хэргийг хянасан байна” гэлээ.
Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, Улсын ерөнхий прокурорын туслах Д.Булганцэцэг “Авлига, албан тушаалын хэрэг 31-ээр, мансууруулах бодистой холбоотой хэрэг 38-аар нэмэгдсэн байна. Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн 313, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн буюу прокурорын нэхэмжлэл бичсэн 39, нийт 352 удаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна” гэлээ.
Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр “Хяналтын чиглэлээр эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Нийт 197 шалгалт хийж, 500 гаруй зөрчил илрүүлсэн. Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн, хугацаанаас нь өмнө сулласан этгээдүүдэд хяналт тавьж, гэнэтийн шалгалт явуулахад 178 хүнээс 28 нь давтан хэрэглэсэн байсан тул 25 хүний тэнссэн шийдвэрийг хорих ялаар сольж, биедээ авч явсан дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр санал гаргаад байна” гэлээ.
Хурлын төгсгөлд олны анхаарал татсан хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны нэгдүгээр улиралд Авлигатай тэмцэх газарт шалгасан 386, Тагнуулын байгууллагад шалгасан 54, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгасан 154, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгасан 46, Мөрдөн байцаах албанд шалгасан 120, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан 27 хэрэг буюу нийт 13.813 хэрэгт нийслэлийн прокурор хяналт тавьж шийдвэрлэсэн байна.
Зарим хэргийн талаар мэдээлэл өгье. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. “Жаст” группын Д.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Ганзориг нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөн цахим сүлжээ ашиглаж, мөнгө угаасан гэх хэрэгт холбоотой БНХАУ-ын 23 иргэнийг эрүүгийн хэрэгт татан шалгаж, хэргийг прокурор хянаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )