Сургууль, цэцэрлэгийн төлбөрийн асуудлаар ШИЙДВЭР гаргана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн бага хуралд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар оролцлоо. 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн. Гэхдээ өнөөдрийн Улсын Онцгой комиссын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Шалтгаан нь бэлтгэл ажил нь дуусаагүй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцсэнгүй.

Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор олон асуулт ирж байгаа. БСШУСЯ бүх эрсдлийг тооцон судалж, судалгаа хийж байна. Хувийн цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд төлбөрөө төлсөн байгаа. Уг төлбөрийг гэхэд ирэх жилийн хичээлийн төлбөр рүү шилжүүлэх тооцоог БСШУСЯ хийсэн. Асуудлууд маргаашийн УИХ-д өргөн мэдээлсэн хуулиар батлагдана. Хүүхдүүд улирахгүй. 

0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор хэлэх хэрэгтэй байх. 

Мөн ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдад мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Хөрөнгийн эх үүсвэрийг хандивийн хөрөнгө мөнгөнөөс гаргана" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Улсын Онцгой комисс хуралдаж, тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Үүний дотор 2020 оны цэрэг татлагын асуудал багтлаа. Энэ оны тавдугаар сард багтаж ээлжит цэрэг татлагыг яввуулна. Энэ жил цэрэг татах хяналтын тоог Засгийн газраас тогтоосон. 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага орон даяар явагдахгүй. Шаардлагатай Хилийн цэргийн ангиуд зэргэлдээх орон нутгаас цэрэг татлагын ажиллагааг зохион байгуулна. Хилийн боомттой аймаг болох Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотын цэргийн ангид цэрэг татахгүй, цэрэг татлага явахгүй гэсэн үг. Мөн энэ жил "Оюутан" цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй" гэв. 


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top