Өр зүрх бүр нь ЧАМД ХАЙРТАЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25


Зохиолч, сэтгүүлч Д.Дамдинжавын "Гол тоглогч -2" номоос Монгол Улсын олимпийн анхны аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярт зориулсан хөрөг нийтлэлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.  Таалан болгооно уу!


МИНИЙ МОНГОЛЫН БҮРГЭД

 

Уулсынхаа хүслийг тээж, улам өндөрт дүүлэн гардаг бүргэдийн орон билээ, миний Монгол. Бүлээн хэвлийт газрынхаа намхан ширдэг өвсний мөрөөдлийг шивнэж хэлээд нисгэдэг уяхан салхины орон билээ, миний Монгол. Газрын хүсэл тэнгэрт хүрэхийн шалтгааныг нялх бүргэдийн үүрэнд нар аргамжиж, сар чөдөрлөн сахиж, салхитай хамт торниулдаг билээ, бид. Дэлхийн дээвэр алгадаж, тэнгэрийн хязгаарыг тэмтрэх орь хүслээ эрмэг салхиныхаа үзүүрт алтан гадас шиг зүүж, төрийн соёмбо шигээ зангиддаг билээ, бид.

Тиймээс миний Монголын бүргэд замбуугийн зулайд дүүлэх гэж төрдөг юм. Замилангийн оройг шүргэх гэж нисдэг юм. Түүний адилаар миний Монголын хөвгүүд хөдөлмөр зүтгэл, хүсэл тэмүүллээрээ дэлхийн түмэн хүмүүний тэргүүнд нь гарахын төлөө тэмцэж, ялах гэж тамирчин болдог юм.

Тамирчин хүнд аз хэмээх ойлголт харь хол. Харин хөдөлмөр зүтгэл гэдэг үг хань нөхөр адил ойр билээ. Мянган өдрийн хөлс нэг өдрийн амжилтын үнэ хүрдэг хатуу талбар бол спорт.

Хүнд хэчнээн их бяр тэнхээ, авьяас ухаан заяасан байлаа ч хөдөлмөр зүтгэл үгүй бол тэр бүхэн үнэ цэнээ олохгүй. Үүний нэгэн адил Бөхийн ертөнцөд “Аварга аваргаараа төрдөг” гэж хэлэлцдэг ч энд өгүүлэх гэж буй хувь тавилангаа атгаж төрсөн аварга бол эх орон, ард түмнийхээ итгэл, сэтгэлийн дэвцэг дээр үүрд дэвсээр байх харьшгүй хүчит бөх, найдвар алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр ажгуу.

Н.Түвшинбаярыг багад нь бөх болно л гэж ярьдаг байснаас биш, аварга болно гэж арай ч зөгнөөгүй гэдэг ээ. Хэдийгээр эхээс мэндлэхдээ 5.5 кг жинтэй аварга хүү байсан ч түүний ирээдүйг хэн ч таагаагүй юм. Бөх болохыг нь бол бүгд л тааварлаж байж. Гэхдээ бөх болгон аварга болдоггүй дэвжээ түүнийг хүлээж байлаа.

Тэр багадаа халхын домогт аварга Намхайн үүзэл суухай мэхийг хийдэг бөх болно гэж ярьдаг байжээ. Арван гуравтай байхдаа зэргэлдээ сумынхаа нэгэн тэмдэглэлт баярт очиж барилдаад, нутаг нугынхаа ханхайсан ах нарыг авч шидсээр байгаад түрүүлэхэд нь ч түүнийг ойшоож магтсан нь үгүй. “Үүнээс цааш сум, аймаг, улсын дэвжээ бий. Түүнээс цааш тив, дэлхийн дэвжээ бас байдаг юм шүү, хүү минь” гэж эцэг эх нь олны хэл ам, омголон давилуун бүхнээс нуун дарж, сувдаа нуух хясаа адил өсгөсөн юм. Эгэл даруу, энгийн агаад төлөв байх хүмүүжлийг эхийн сүүтэйгээ хамт хөхөж өссөн хүү эрийн цээнд хүрлээ.

Булган аймгийн 10 жилийн II дунд сургуулийг төгсөөд 2002 оны намар Улаанбаатарт ирж, биеийн тамирын сургуульд элсэн оржээ. Тэр даруйдаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Ингэж тэр их сургуульд ч, их спортод ч хөл тавив. Тухайн жилдээ Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлж, дараа жил нь идэрчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Булган аймгийнхаа наадамд түрүүлээд аймгийн арслан болов.

Аймгийн арслан боллоо гэж аархаж хөөрцөглөсөн ч үгүй. Авах ёстой ээлжит дүнгээ авсан хүүхэд шиг л ажиггүй, хэнэггүй байж. Аймгийн цолыг чамласандаа биш, ахиад цаана нь түүнээс том даваа, сорил шалгуур бий гэж сэтгэлээ цэгцэлж, биеэ эгцэлж байсан хэрэг. Н.Түвшинбаяр энэ үеэс эхлэн хөлсөө хоёр дахин их урсгаж, өөрийгөө улам илүү дайчлах болсон байна. Ингээд эх адаггүй бэлтгэлээр өөрийгөө бөмбөгдөж эхэлжээ. Хэд хэдэн багш дасгалжуулагчид шавь оров. Х.Болдбаатар, Ч.Насантогтох нараар жүдогийн хичээл заалгаж, Улсын начин П.Ганбаяр агсны удирдлага дор үндэсний бөхийн тусгайлсан бэлтгэл хийв. Хоёр жил гаруй хугацааг бэлтгэлээс өөр аж амьдралгүй мэт өөрийгөө дайчилж өнгөрүүлжээ. Ингээд 2006 онд сая нэг юм улсын шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнд оролцож эхлэхтэйгээ болж дээ.

2007 онд Эль-Кувейтын ААШТ-ээс мөнгө, 2008 оны хавар Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн ч түүний гарт гялтганасан найдварын чулууг хэн ч атгуулаагүй л байлаа. Тэр амжилт өөд яарч адгадаг аархуу сагсуу нэгэн байгаагүй учраас өөрийн цагийг анан хүлээж буй өвгөн бүргэд шиг л бүхний хараанаас далд байхыг чухалчилдаг байж. Олон том бүргэдийн халин нисэж буй тэнгэрт яаран дүүлж гараад, өд сөдөө тасдуулан унахгүйн тулд бэрхийн ууланд тэр боловсорч суув аа. Хатуу ширүүнийг сөрж, тэсвэр хатуужилд суралцсан бүргэд л тэнгэрт цойлон гардаг жамтай.   

 МИНИЙ МОНГОЛЫН БАХАРХАЛ


Бээжингийн олимпод медаль хүртчих байх гэж найдсан жүдочдын нэрс дунд Н.Түвшинбаярын нэр байгаагүй. Харин түүний дасгалжуулагч Ч.Насантогтох “Манай Түвшээ нэг унасан хүндээ дахиж унадаггүй, гартаа их бяртай хүүхэд. Энэ хүү юм дуулгана даа. Яахав, улс амьтан тоож шуугихгүй л байгаа юм. Гэхдээ тэр нь ч дээр. Хэл амны сүүдэр тусчихна” хэмээн 2008 оны олимпын өмнөхөн дотны хүмүүстээ хэлж байж. Багш хүний л үг, бас итгэл найдлага шүү дээ.   
 


Гэвч багшийн найдлага талаар болж мэдэх магадлал олимпын нээлтийн өдрөөс эхлэн бий болов. Жүдочдын сугалаа явагдахад Н.Түвшинбаяр эхний тойрогтоо өмнөх олимпын аварга япон бөхтэй барилдахаар оноолт таарчээ. Үүгээр олон хүн Н.Түвшинбаярын аяллыг өндөрлүүлж, найдвараа бусад жүдочид руугаа хандуулсан нь нууц биш. 

Гэвч олимпын жүдо бөхийн төрөлд монголчууд эхний өдрөөс эхлээд л ташраараа нурж эхлэв. Монголчуудын медаль зулгаадаг дунд жингүүдэд ч “төлөвлөгөө тасрав”. Улмаар монголчуудын оролцож буй сүүлийн ганц жин, ганц бөх л үлдлээ. Тэр ганц бөхийнх нь эхний өрсөлдөгч Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Кэйжи Сүзүки байсан тул монголчууд жүдогийн төрлөөс хоосон буцах нь л гэж бодож байлаа.

Гэтэл монголчуудыг төдийгүй япончуудыг шоконд оруулсан явдал болсон юм. Н.Түвшинбаяр гэх хэний ч тааварт байгаагүй залуу бөх Японы алдарт бөхийг давхар хамж, өндөрт өргөн гаргаж ирж дайраад цэвэр ялчихав. Найдвар сэрлээ. Энд ч нэг, тэнд ч нэг “Уухай” хадаж, цөс нь хөөрсөн монгол үзэгчид зурагт руугаа давхиад орчих шахуу юм болов. Энгийн монгол үзэгчдийн хувьд Японы жүдочдыг хэн ч барахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй. Тэд л ёс юм шиг Олимпын аварга болдог гэж хүлээн зөвшөөрсөн бодолтой. Тиймд жүдогийн төрөлд алтан медаль авна гэж зүүдлэхээсээ өмнө мөнгө, эсвэл хүрэл медаль л хүртвэл башийгаад явчихдаг сэтгэл зүйтэй. Ийм байтал нь Н.Түвшинбаяр харин эхний тойрогтоо өнөөх айхтар японыг бүр цэвэр тавьчихлаа гэмэгц монголчууд хүний, өөрийн гэлтгүй гарт тааралдсан дээлний зах олж аваад мушгиад суучихаж билээ.

Удаад нь Н.Түвшинбаяр Германы бөх Бенжамин Берлата, БНСУ-ын бөх Жан Сун Хо нарыг авч шидээд, хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх, дэлхийн хүрэл медальт, дэлхийн цомын аварга Мовлуд Миралиавыг ялж финалдлаа.  

Мөнгөн медаль монголчуудын гарт нэгэнт ороод ирэв. Найдаагүй тамирчин нь найраагүй жингээсээ медаль шүүрэх нь ч шүүрлээ. Одоо ганцхан алхаад алтан медалийн оосроос шүүрэх байтал Монгол орон даяхнаараа түгшин догдолж, амьсгал түгжин байлаа. Учир нь яг л энэ ганц алхмын зай хэчнээн хол, хүрэх эцэсгүй мэт өндөр гэдгийг тэд мэднэ. Өмнөх үеийн алдар суут Ж.Мөнхбат, З.Ойдов, Х.Баянмөнх, Ц.Дамдин, Ж.Даваажав нар гагцхүү энэ л ганц алхмыг давж чадалгүй буцсаныг монголчууд мартаагүй. Олимпын мөнгөн медалийн баяр хийгээд харамслын амтыг ханатал биш гэхэд хааяахан хүртэж үзсэн улс аа. Энэ бол тэдний гуниг нь ч, бахархал нь ч мөн. Олимпын алтан медаль гэдэг тэгэхээр монголчуудын орь хүсэл нь байсан юм.

Тэртээ 1980 оны Москвагийн олимпод Ц.Дамдин жүдогийн төрлөөр мөнгөн медаль хүртсэнээс хойш тамирчнаа ийм эгзгийн өмнө зогсох торгон мөчийг монголчууд 28 жилийн турш хараагүй гэсэн үг. Олимпын алтан медалийн төлөө Асхат Житкеевтэй хийсэн Н.Түвшинбаярын барилдаан одоо ч монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хадаатай байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Аваргын төлөөх барилдаанд Н.Түвшинбаяртай Монголын уул ус, өвс ургамал, хүн зон, тэнгэр хангай нь хүртэл хамт барилдсан байх. Хазайхад уулс нь түшиж, халирахад ус нь уужруулж, өвдөглөхөд өвс нь тулж, тохойлдоход толгод нь хотойж, өндийхөд хүн зон нь уухайлж, тонгороход тэнгэр нь дугтарч өгсөн байлгүй.

Казахстаны бөхийг ялж, Монголын хүү олимпын аварга болсон цуурай дэлхийн сонорт хадсан тэр мөчийн хөөр бахдалыг юутай ч зүйрлэх аргагүй юм. Монгол хүн бүр баярлаж хөөрсөндөө уйлж байлаа. Хүсэн мөрөөдөөд ч хүрч чадашгүй нь гэж тэнхээ барж байсан өнөөх оргилдоо монголчууд сая нэг юм гарав.

Хүн бүр бахархал, баяр жаргалаа барин тогтоох аргагүйн эрхэнд гудманд гүйн гарч, тааралдсан хүн бүрээ барьж аван үнсэж, тэврэлдэн цэнгэж байлаа. Угтаа ганц Н.Түвшинбаярын хүсэл зорилго биш, монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелсэн нь энэ. “Ямар бурхан нь Н.Түвшинбаяр гэх энэ даруухан бор залууг Монголын бахархлыг сэрээхээр илгээгээ вэ” гэж эрхгүй сүслэн, Булган аймгийн Сайхан сумын хоёр буурайд залбиран талархаж билээ.

 

БУДАН ДУНДАХ НАР

 

Н.Түвшинбаяр Олимпын аварга болсон явдал Монголын нийгэм, улс төр, эдийн засагт хүртэл нөлөөлсөн гэдэг нь гайхмаар баримт билээ. Юун түрүүнд, энэ бол хувь хүний гаргаж болох хамгийн оргил амжилт. Жүдочдын дунд аливаа тэмцээнд цойлсон амжилт үзүүлбэл “ёндойх” гэж хэлц бий. Н.Түвшинбаярын аз нь таараад л “ёндойрчихлоо” гэх бодолтой хүмүүс байсан ч тэд муучилсандаа биш, эсрэгээрээ сайрхсандаа тэгж хэлж байсан юм. Үнэхээр ч тамирчин хүний аз гүйж, од гийх өдөр гэж байдаг. Тэгвэл тэр өдөр ганцхан Н.Түвшинбаярын биш, нийт монголчуудын аз гүйж, од гийсэн хэрэг. Будан манан хүүшилсэн намрын хяруут цагаар нар гэнэт гарч ирсэнтэй л энэ үйл явдлыг жишиж болно.
 


Тэр үе бол Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдал тун адармаатай, хагарал бутралын ёозгүй уур амьсгал ноёлсон үе таарсан. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэдийн жагсаал эцэстээ МАН-ын байрыг галдан шатааж, төр нь ард иргэд рүүгээ галт зэвсэг шагайсан муу ёрын үйл явдал өрнөсний дараах үе. Хэдийгээр долдугаар сарын 01-ны үймээний дараа Монгол Улсын төрийн тэргүүн Н.Энхбаяр онцгой байдал зарлан байж, байдлыг намжаасан ч асуудлын цаана тунан үлдсэн тэр их үзэн ядалт, үзэл бодлын хуваагдлыг хэрхэхээ мэдэхгүй алмай болон тагжрах үе.

Ард иргэд нь бие бие рүүгээ дайсагналцсан, үл итгэсэн, үзэн ядсан, жигшин зэвүүцсэн харцаар ширтэж, нэг нэгнээ үл хүлээн зөвшөөрөх хурц ангалын хоёр талд хуваагдан ялгарч байх үе. Улстөрчид хийгээд улс төрийн намууд тэрхүү хуваагдлыг дэвэргэж, зарим тохиолдолд өдөөн турхирч, хэрцгий болоод хонзонт бодолд эзлэгдэн ухаанаа алдаад байсан үе. Үл ялиг сүр нэмж хэлбээс, иргэний дайны өмнөх шиг ажин түжин хэрнээ ёозгүй, түгшүүртэй байдалд нийгэм ба улс төр хэрхэхээ мэдэхгүй гацчихсан байх тэр л үед Монгол Улс Олимпын аваргатай болсон мэдээ хамаг түгжээг мулталсан юм.

Чухамдаа Н.Түвшинбаяр л нийгмийг тэр чигт нь догдлолд автуулж, хүйтэн багаа хуу татан чулуудаад, инээмсэглэл, итгэл найдвар, халуун дулаан бүхнээр халгин цалгихын сайхныг хүмүүст мэдрүүлсэн билээ. Гагцхүү Н.Түвшинбаяр л улстөрчдийг цээжинд зангирч байсан занал зүхлээ мартацгаан, гар гараасаа хөтлөн ард олныхоо дунд хүүхэд шиг дэвхцэн гарч ирээд “Монгол Улс Олимпын аваргатай боллоо. Ура” гэж хашгируулсан билээ.  

Тийм ч учраас түүнд Хөдөлмөрийн баатар цол олгох тухай тогтоолд “Найдангийн Түвшинбаяр 2008 оны наймдугаар 14-нд Монгол Улсын түүхэнд Олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн үймээн самуун, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явдал намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, Монгол түмний сэтгэлийн хоймрыг эзлэн, магнай тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал Н.Түвшинбаяр танд баяр хүргэж байна" гэсэн үгийг сийлэхэд хүргэсэн юм. Энэ бол аугаа үйл хэрэг байсан юм шүү.

Монгол Улсын эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн ч хийж хүчрээгүй эв нэгдлийн түүхийг Н.Түвшинбаяр бүтээсэн. Тиймээс энэ залуугийн зүй ёсны алдар хүнд бол үндэсний баатар.

Гэвч бидэнд хэтэрхий даруухан “үндэсний баатар” оногдсон юм. Ард түмнийхээ өмнө гарч ирээд “Би олимпын аварга тэр байна” гээд ганц орилоод өгөөсэй гэж бид хүснэ. Бахдаж, бялхаж байгаа зүрх сэтгэлийг минь огшоогоод өгөх ямар нэг бардамнал, баатарлал үзүүлээсэй гэж хүлээнэ. Ялихгүй ч болтугай онгирохыг нь олж харах гэж отно. Гэтэл Н.Түвшинбаяр тэгж халгиж, сагаад байх илүү зангүй нэгэн байж таарав. Олимпын аварга болчихоод эх орондоо буусан цагаас нь эхлээд монголчууд түүний хоёр хөлийг шороонд хүргэхгүй гэж хүндлэн өргөсөн. Ямар ч хүн хөөрөөд бууж ирэхээргүй л хөөргөдсөн юм даг. Харин Н.Түвшинбаяр залуу хүнд баймгүй буурь суурь, даруу төлөвийн туйлыг үзүүлж чадаж байсныг санаж байна. Ийм л сэтгэлийн тэсвэр хатуужилтай, зөв хүмүүжил дадалтай хүн болоод олимпын аварга болсон юм байна гэж олон хүн тэгэхэд ойлгосон доо. Ямар сайндаа л олимпын дараахан аав ээждээ хадлан хадаж өгөхөөр Булган руу гараад давхичих вэ дээ. Тэр их өндрөө авсан үедээ хөдөө очоод, хадлан хадаж, хөрзөн хуулаад зогсож байна гэдэг олон хүнд хачирхмаар санагдсан. Энэ тухай нь асуухад “Тэр тийм сонин байна гэж үү. Олимпын аварга болчихлоо гээд хөл, гар хөдлөхөө больчихсон биш. Хоёр хөгшиндөө туслалгүй яах вэ дээ” гэж хариулаад зогсож байсан нь л энэ залуугийн гоц чанар. Байгаа нь л тэр. Үнэнээрээ, өөрийнхөөрөө, байгалиараа байгаа нь л түүний авьяас билиг.


ДОГОЛОН АВАРГА


Энэ бүхний дараа нэг асуулт л сонирхол татан үлдсэн юм. Олимпын дараа янз бүрийн л яриа, үг хэл гарч байв. Гадаадын нэгэн хэвлэлд түүнийг сэргээш хэрэглэсэн гэж хүртэл гөрдөж үзсэн. Дэлхийн шилдгүүд Н.Түвшинбаярыг танихгүй, судлаагүй байсан учраас ялагдал хүлээсэн гэх дүгнэлт ч олон үзэгдэж байлаа. Дэлхийн спортын аналистууд “Монголчууд олимпын аварга болох бөхөө сайн нууж чадсаны үр дүнд санасандаа хүрлээ” гэж хүртэл цэцэрхэж байв.

Бээжингийн олимпын дараах тэмцээнүүддээ Н.Түвшинбаяр гавьтай амжилт үзүүлсэнгүй. “Олимпын аварга байж эхний тойргуудаа ч давж чадахгүй, сураггүй бөхчүүдэд ялагдаж байгаа нь үнэн хүчээрээ биш, аз ёндоогоороо л Бээжинд аваргалсаныг баталж байна” гэх дэл сул яриа тэнэх болов. Гэтэл үнэндээ Н.Түвшинбаяр 2008 оны олимпоос өмнө хөлөндөө хүнд гэмтэл авсан байжээ. Тэрхүү бэртлээ үл тоон, хагалгаа хийлгэх байсныг хойшлуулан байж олимпод оролцоод, алтан медаль хүртсэнийг нь тийм ч олон хүн мэдээгүй.

Олимпын дараахан АНУ руу явж хагалгаанд орсон бөгөөд тэр үед эмч нар “Ийм хөлтэй хүн яаж Олимпын аварга болж чадсан байна аа” хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг.  Тэсвэрийг нь шагшиж байгаа нь тэр. Байсхийгээд л өнөөх өвдөгний гэмтэл нь сэдэрч, олонтоо эмчлүүлж, суга таяг тулж өнгөрүүлсэн өдөр хоног Н.Түвшинбаярт олон.

Гэхдээ дахин барилдаж чадах эсэх нь ч тодорхойгүй эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа “Дараагийн олимпоос заавал медаль авна даа” гэж өөртөө амласан гэдэг юм. Бэлтгэл сургуулилт тасалдчихсан, хэвтрийн дэглэмээс болоод биеийн жин нь 130 кг давчихсан хүн ингэж бодоод хэвтэж байна гэдэг бадрангуй.

Олон хүн олимпын аваргаасаа ахин томоохон амжилт хүлээхээсээ илүү “Хүрэх ёстой оргилдоо хүрчихсэн” гэж тооцож байлаа. Үнэхээр ч Ази болон Дэлхийн аваргын хэд хэдэн тэмцээнд оролцоод медальгүй үлдэж байсан нь “Удахгүй зодог тайлах байх” гэж таахад хүргэж байв.

Харин өвдөгний бэртэл, өндөр амжилтын дараах уналт хоёрт нэг л хүн огт бууж өгөөгүй нь Н.Түвшинбаяр өөрөө байлаа. Бэлтгэл сургуулилтаа улам идэвхжүүлж, -100 кг гэсэн жиндээ богино хугацаанд эргэн оров. Улмаар 2012 оны Лондонгийн олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд амжилттай оролцож эхлэв. Дахиад л найдвар сэрлээ.

Олимпын аварга хүн ямар хүчтэй сэтгэл зүйтэй байх ёстойг тэр харуулав. Эдгээр он жилүүд л Н.Түвшинбаярын жинхэнэ зангарга, мөн чанарыг шалгаж сорьсон гэж өөрөө ярьдаг. Тэр энэ удаа жүдогийн татами дээр биш, харин амьдралын талбар дээр саад бэрхшээлтэй барилдаж давсан юм.

Ингээд санамсаргүй төрсөн олимпын аварга биш гэдгээ 2012 оны Лондонгийн олимпод зүй ёсоор баталсан даа. Бэртэл гэмтлээс эргэн ирээд тийм ч удаагүй, бүрэн формондоо орж амжилгүй Лондонг зорьсон ч бөмбөрцгийн бөхчүүдийг ээлжилж шидсээр бас дахин финалдах нь тэр. Хүн төрөлхтний их наадамд хоёр дахин үзүүр, түрүүнд үлдэнэ гэдэг зүгээр ч нэг барилддаг бүхний бараадах амжилт биш ээ.

Лондонгийн олимпын эхний учраа нь Тайландын жүдоч Теерават Хомклин байсан. Түүнийг  ердөө 55 дахь секундэд далаар нь цэвэр тавьчихав. Удаад нь Францын жүдоч Тьерри Фабрег сөхрүүлж, улмаар Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовыг үүрэх мэхээр цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Өмнөх олимпод Н.Түвшинбаярт ялагдаад тээж ирсэн хүслийн цулбуураа эвхэж байсан бөхчүүдийн адил тэд ч Олимпын алтан медаль зүүдэлж ирсэн бөхчүүд байлаа. Цөмөөрөө л яггүй өрсөлдөгчид. Узбекистаны жүдоч гэхэд л Ази тивийн аварга бол Францын жүдоч дэлхийн аваргын хүрэл медальтан байсан.

Ингээд мөнгөн медалийн төлөө БНСУ-ын жүдоч Хван Хитэй-тэй барилдлаа. Энэ барилдаан Н.Түвшинбаярын хувьд, түүнд хамаг найдвараа овоолж суусан монголчуудын хувьд тун хүнд болсон юм. Хөлнийх нь бэртэл сэдэрч, доголж эхлэв. Өмнөд Солонгосын тамирчин гэмтэлтэй хөлийг нь зориуд хөшиж татаад гэмтээчих шиг л харагдав. Ядаж л монголчуудад тэгж санагдав.

Хөлний бэртэл сэдрэх үед хоёр тамирчин хэн хэнээсээ оноо салаагүй байсан юм. Тиймд гэмтэлтэй хөлтэй Н.Түвшинбаяр өмнө нь дэлхийн аварга болж байсан бөхөөс оноо салгаад, улмаар ялна гэж төсөөлөх бараг л боломжгүй болж ирэв. Хэрвээ Хван Хитэйд ялагдвал хүрлийн төлөө барилдах эрхтэй үлдэнэ. Тэр тохиолдолд дараагийн бөхийг гэмтэлтэй хөлтэй барилдаад ялна гэдэг бас л хэцүү даалгавар болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ барилдаанд л ялагдчихвал медаль ч үгүй хоцрох аюул ойрхон байлаа.

Гэвч Н.Түвшинбаяр бол хэрийн би, чи, та биш юм билээ. Өрөөсөн хөл дээрээ догонцох атлаа шүд зуун барилдаж, нөгөөтэйгүүр өрсөлдөгчөө дахин хөл рүүгээ алдчихалгүй аргалж хэдэн минут тэслээ.  Улмаар барилдааны төгсгөлд мэх хийн, үнэлгээ салгаснаар Өмнөд Солонгосын тамирчинг медальгүй буцахад хүргэсэн юм.

Ингээд хөлөндөө мэдээ алдуулагч тариулаад, алтын төлөө барилдахаар гарч ирсэн ч Оросын жүдоч Тагир Хайбулаевт төдий л эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Өөр тохиолдолд бол гарч барилдахгүй байхад ч болохоор гэмтэл байсан гэдэг. Харин дэвжээнээс бууж ирмэгцээ Н.Түвшинбаяр аварга үг хэлж чадахгүй уйлж билээ. Олон хүн олимпын хошой медальтан болсондоо баярлаж байна гэж бодсон. Гэтэл “Хэрвээ бэртэлгүй байсан бол алтан медаль хүртэх байсан даа” гэж харамссандаа уйлсан ажээ.

Үнэхээр ч бэртэл нь сэдрээгүй бол дахин Олимпын аварга болох боломж бодитой байсан юм шүү дээ. 2009 оны Европын аварга, 2011 оны дэлхийн аварга Тагир Хайбулаевыг өмнө нь бэртэлгүй байх үедээ илүүрхэн ялж байсан хүн. Ийнхүү доголон хөлтэй, доголон нулимстай медалийн тавцан дээр зогсож буй аваргыгаа хараад монгол хүн бүр “Аргагүй л ясны бөх юм” гэж алт авсны дайтай бахдан харж суусаан. Зөвхөн монголчууд ч биш, дэлхий түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.

ЗОДОГ ДҮҮРЭН НАЙДВАР

Сэтгэл зүрх өмөлзүүлж, хөвсөлзүүлсэн тэр өдрөөс хойш Н.Түвшинбаярт монголчууд эргэлзэхгүйгээр найдаж сурав. Найдлагыг маань ч тэр өөрийн уйгагүй хөдөлмөр, туршлага, хүч тэнхээ, тэвчээр хатуужил, ухаанаараа дааж, хариулсаар ирсэн нь гайхалтай. “Найдлага алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр” гэх тодотгол цол шиг нь түүнийг дагадаг болов.

Түүний оронд мань мэт нь хэрвээ байсан сан бол ард олны магтаал сайрхалд ханаж бялуураад, Монголдоо байтугай дэлхийд эгэлгүй нэгэн болчихлоо хэмээн сагсуурч, олимпын маргааш биеэ амраан, зоогоо илүүлж, зогдороо маажуулаад хэвтэж байх байсан. Гэвч Н.Түвшинбаяр баргийн хэн нэгнээс төө илүү гэдэг нь тодорхой болсон. Даамай сайн дааж чадах учраас л бурхан түүнд ялалт, алдар хоёрыг данайтал нь үүрүүлээ байлгүй.

Түмний итгэл найдвар, хайр хүндлэлийг дааж чадах ноён нуруутай, тэсвэр хатуужилтай нэгэн байна гэдэг хэцүү. Тэр тусмаа оргил амжилтын дараа дахин оргил руу тэмүүлэх сэтгэл зүй, эр зориг гэдэг хэн хүнд заяадаг ч эд биш. Үүний нотолгоог холоос хайх хэрэггүй. Олимпын наадамд амжилт үзүүлснийхээ дараа зодог тайлж, замналынхаа зэлийг эвхсэн монгол тамирчдаасаа ч харж болох билээ.

Тэгвэл Н.Түвшинбаярын хувьд зөвхөн жүдо бөхөд амжилт үзүүлснээр өөрийнхөө нөөц боломжийг хязгаарласангүй. Жүдо бөхийн шигшээ багтаа байнгын бэлтгэл сургуулилт хийхийн хажуугаар тэр үндэсний бөхөөр тогтмол хичээллэж байв. Олимп болох жилүүдэд л үндэсний баяр наадамдаа зодоглож амжилгүй өнжиж байсныг эс тооцвол тэр бүх барилдаанд л зодоглох гэнэ. Багш нар нь “Бэртэл гэмтэл авчихна” гээд барилдуулах дургүй бол өөрөө хэзээний л бөхийн өргөөнд гүйгээд оччихсон дэвж явна. Бэртэл авчихаас эмээж халгаад, хүч гаргахгүй барилддаг юм болов уу гэж бодохоор бас үгүй.  Яах аргагүй л үнэн хүчийг үзнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний талаар “Түвшээ бол өөрөөсөө илүү, өөрөөсөө том цолтой бөхтэй л барилдахыг ямагт чухалчилдаг хүн. Энэ бол түүний амжилтын гол түлхүүр” гэж хэлсэн. Өдий олон жил тогтмол өндөр түвшинд барилдсаар байгаагийн нууц нь энэ байж таарах нь.

Лондонгийн олимпын дараах жил Н.Түвшинбаяр үндэсний их баяр наадамдаа зодоглож, дуулиан ч тарьсан, шуугиан ч дэгдээсэн. Тавын даваанд Улсын гарьд Д.Рагчааг давж, улсын начин цолны болзол хангаад байхад нь зургаагийн даваанд Даян аварга Г.Өсөхбаяр түүнийг амалж авсан юм. Гэвч даян аварга барилдалгүй тахимаа өгсөн билээ. Энэ бол үндэсний бөхийн манлай аваргын зүгээс олимпын аваргад үзүүлсэн хүндэтгэл байсан нь дамжиггүй. Гэвч олон нийтийн зүгээс нэг талаар Н.Түвшинбаярыг харцага цол хүртсэнд баярлавч, нөгөө талаар “Уг нь үнэн хүчээрээ энэ цолонд хүрсэн бол” гэсэн харамсал бас байлаа. Улмаар долоогийн даваанд аварга С.Мөнхбатын аманд очоод өвдөг шороодсон. Хожим нь С.Мөнхбат аварга ярилцлага өгөхдөө “Том цолны найраа явагдах гэж байхад нь би амлаж таслан зогсоосон юм шүү. Монгол бөхөд шударга ёс байгаасай гэдэг үүднээс ам авсан хэрэг” гэж хэлнэ лээ. Ер нь бол барим тавим нэрлээгүй ч хэнийг хэлсэн нь илэрхий байсан л даа.

Гэхдээ Олимпын аварга маань 2018 оны баяр наадмаар долоо даван улсын заан болсон. Ингэхдээ тухайн үед мөн л том цолны төлөө барилдаж буй бяртай, чацтай бөх О.Хангайгаар долоо давсан юм. Том цолыг гуйж биш, гуядаж авч чадсан хэрэг. Н.Түвшинбаярын гоц чанар гэвэл энэ л дээ. Зорьсондоо заавал хүрдэг. Зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөж, махран чармайдаг. Түүнийг үндэсний бөхөөр тогтмол барилдаж, аймгийн наадамд хүртэл зодоглоод тавын даваанд унахад нь зарим нэг олиггүй амт нөхдүүд “Олимпын аварга хүн байж ингэж зүлэг арчиж явах хэрэг байдаг л юм байх даа” гэж басамжилж байв. Харин энэ басамжлалын хариуг Н.Түвшинбаяр өөрийн үг, үйлдэл хоёроороо чангахан барьсан гэж болно. Тэрбээр “Би том амжилтын төлөө хөдөлмөрлөдөг. Том амжилтдаа хүрч ч байсан. Илүү том амжилт руу авирч байгаад нурж ч үзсэн. Тамирчин хүнийг зорилго нь хөтөлж байдаг юм” гэж ярьсан нь яагаад нэг оргил дээр гараад дараагийн оргил руу зүтгэдгийнх нь тайлбар болох буй за.
 

ЖҮДОГИЙН ДОМОГ

Тэр 24 настайдаа анхны олимпдоо оролцоод, алтан медаль хүртсэн. 28-тайдаа дараагийн олимпоос мөнгөн медаль өвөртөлсөн. Харин 32 настайдаа буюу 2016 онд Риогийн олимпод оролцсон нь түүний гурав дахь олимп байжээ. Эхний олимп бол залуу насны эрч хүч, хоёр дахь олимп тэсвэр тэвчээрийн илэрхийлэл байсан бол гурав дахь олимп харин туршлагыг илэрхийлэх болов уу. Учир нь туршлага гэдэг дандаа ялалт байх албагүй. Ялагдал ч бас туршлага.

Риогийн олимп түүний сүүлчийн олимп, сүүлчийн оргил байсан. Өөрөө ч тэгж ярьж, бид ч тэгж бодсон. Гурав дахь олимп гэдэг бүтэн найман жилийн наана, цаана шүү дээ. Эхний олимпод оролцохын тулд бэлтгэл хийсэн дөрвөн жилийг нэмбэл 12 жилийн нөр их хөдөлмөр, тасралтгүй бэлэн байдал гэсэн үг. Гурван олимп дараалж дэлхийн шилдэг хүчтэнүүдийн эгнээнд багтаж өрсөлдөнө гэдэг тун цөөхөн хүнд л оногдох хувь заяа. Овооны наадам биш, олимп шүү дээ.

Н.Түвшинбаяр Лондонгийн олимпод алтан медаль зүүдэлж очсон бол Риогийн олимпод ахмад тамирчны хувиар буусан юм. Гэхдээ энэ нь медальд хүрэхийн төлөө барилдаагүй гэсэн үг хараахан биш. Харин ч эсрэгээрээ “Заавал медаль авах ёстой” гэсэн бодол нь дарамт болж, өөрийн барилдаанаа бүрэн гаргаж чадалгүй ялагджээ.

Ингээд л “За ер нь зодог тайлах болсон юм байна” гэж бодсон аж. Ийм шийдвэр гаргаж буй хоёр дахь тохиолдол нь энэ. Өмнө нь 2013 онд бас зодог тайлаад, жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллахаар санаа шулуудаад байсан гэдэг юм.

Уг нь Н.Түвшинбаяр “Хүн ялахаа больсон цагтаа л барилдахаа болино доо” гэсэн хатуу бодолтой. Риогийн олимпод ялагдчихаад “Нээрээ л би хүн ялахаа больсон бололтой” гэж бодсон хэрэг. Гэтэл 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж барилдаад түрүүлчихэв. Өнөөх бодол нь худлаа болж таарав. Тэр хүсэх юм бол хэнийг ч ялж чадах хэвээрээ л байгаа ажээ. Ингээд зодог тайлах бодлоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь оносон юм.

2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай аварга ёстой л шуугиулсан даа. Тэрбээр +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө илт том бөхчүүдийг шидэж унагаад хүрэл медаль хүртлээ. +100 бол жүдо бөхийн хамгийн хүнд жин. Энэ жинд бух шиг булиа булиа эрчүүд л өрсөлддөг. Тэд бяр тэнхээгээр илүүрхэнэ үү гэхээс дутна гэж үгүй. Тэднийг авч шидэх нь байтугай сууринаас нь хөдөлгөх ч бэрх.

Тийм атал тэднээс 20-30 см намхан, 30-40 кг хөнгөн нөхөр явж очоод ялчихаж байгааг гайхамшиг гэхээс өөрөөр юу гэлтэй билээ. Энэ талаар дэлхийн хэвлэлүүд хүртэл шагшин магтаж, CNN агентлаг Н.Түвшинбаярыг “Жүдогийн домог” хэмээн зарласан юм. Тэрхүү нийтлэлд “...Чингис хаанаас хойш Монголд хүчирхэг эр хүн үлдсэн гэдгийг өөрийн биеэр баталж буй агуу тамирчин. Түүний ялалтаас хойш Монголд жүдо бөхөөр хичээллэх хөвгүүдийн тоо нэмэгдэж, бодит амьдрал дээрх баатар болон хувирчээ" хэмээн бичжээ.

Ер нь түүний тухай дэлхийд ямраар дүгнэж, яаж бахддагийг хоёрхон эшлэл батална. Олон улсын Жүдо бөхийн холбооны албан ёсны хуудсанд “Олимпын алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр спортоо орхиод улс төрд орох тайван амьдралыг сонгож болох байсан. Гэхдээ тэр тэгээгүй, Н.Түвшинбаяр бол тэмцэгч, жинхэнэ тулаанч. Түүний их спортын төлөөх итгэл үнэмшил, гал цог нь одоо ч залуу тамирчин шиг хэвээр. Хүн бүр түүнийг 2012 оны олимпийг дуусгаад зогсоно гэж бодож байлаа. Гэхдээ спортоо орхилгүй, олон тэмцээнд оролцсоор байна” гэж бичсэн бол “Judo inside.com” сайтад “Монголын домог болсон Н.Түвшинбаяр олимпын аварга болсноосоо яг арван жилийн дараа ч  барилдсаар, хүчирхэг гэдгээ харуулсаар байгаа. Түүнийг хаа хол явахыг, хэзээ зогсохыг таашгүй” хэмээжээ.


ЧИНИЙ ХАРИХ, МИНИЙ ХАНАХ ХОЁР БОЛООГҮЙ
 

Н.Түвшинбаяр их спортоос хэзээ зодог тайлах бол. Энэ асуулт өдгөө дэлхийн жүдо сонирхогчдын анхаарлыг гойд татах болжээ. Гадны хэвлэлүүд түүнд ямар асуулт хамгийн их тавьдгийг асуухад “Сүүлийн үед хэзээ зодог тайлах вэ гэж их асууж байна даа. Намайг хөгширчихөөд байгаа мөртлөө амжилт гаргаад байхаар л гайхаад байх шиг. Ер нь аливаа зүйл хугацаатай. Тиймд надад цаг мөч болгон үнэтэй байна” гэж хариулсан.

2018 оны ДАШТ-д оролцох үеэр нь бусад орны дасгалжуулагчид зорьж ирээд баяр хүргээд байж. Учрыг лавлавал “Н.Түвшинбаяр сүүлийн тэмцээндээ зодоглож байгаа” гэж бодсоноос болжээ. Тийм л дээ. Түүний зодог тайлах гунигт мөч ойртсоор байгаа нь үнэн. Гэхдээ ийм анир хаа байсан 2013 он буюу Лондонгийн олимпын дараахнаас эхлээд л дуулдаж эхэлсэн. Харин одоо 2019 он. Аварга маань зодог тайлаагүй барилдсаар л байгааг бодоход ахиад хэдэн жил биднийхээ найдварыг тээх хүч, бололцоо байгаа ч юм шиг санагдана. Найдаж сураагүй ч биш дээ, бид. Найдаж л байхгүй юу. Ийм найдварын цагаан худгаас Н.Түвшинбаяр л бидэнд хэдэн жил ус зөөлөө шүү дээ.

Сэтгүүлчид түүнээс дахин олимпод оролцох эсэхийг асуухад “Мэдэхгүй байна” гэж инээмсэглэн хариулна. Тодорхой хариулт авчих санаатай лавлан асуухад “Ямар ч байсан би дахин барилдана” гэнэ. Үүнээс илүү тодорхой хариулт гэж байхгүй. Тэгэхээр тэр 2020  оны Токиогийн олимпод бараг л оролцох байх. Олимпын өмнөх сонгон шалгаруулалтын тэмцээнүүдэд оролцож, хэрэгтэй оноогоо цуглуулаад л яваа.

Токиогийн олимпод жүдо бөхийн багийн төрлөөр аварга тодруулна. “Уг нь чадвал багийн төрөлд ороод, хамт олондоо нэмэр болчих юмсан” гэсэн туйлын хүсэл Н.Түвшинбаярт бий. Түүнээс гадна тамирчны хувиар дотроо тээж, бусдаас нууж явдаг нэг чамин хүсэл бий.

Сүүлийн хэдэн олимп, дэлхийн аваргын тэмцээнд босоо байгаа Францын жүдоч Теди Ринье буюу “Тэди баавгай” хочит эртэй нэг барилдаад, шийдсэн мэхээ хийгээд үзэхсэн гэсэн бодол мань хүнд бий дээ. Теди Риньегээс үнэлгээ салгасан бөх одоогоор дэлхийд гарч ирээгүй л байна. Магадгүй тэр хүн нь Н.Түвшинбаяр байж болно. Хэрвээ тэр аварга баавгай жүдогийн татами дээр хазайдаг өдөр ирдэг юм аа гэхэд хазайлгасан бөх нь “Жүдогийн домог” Н.Түвшинбаяр байх болно.

Би ингэж найдаж байна. Найдвар гэдэг өгсөн хүндээ гарзгүй мөртлөө үүрсэн хүндээ асар хүнд ачаа. Найдангийн Түвшинбаяр тулдаа л Монголын ард түмний энэ мэт биелшгүй найдварыг дааж яваа. Данайтал нь өргөж яваа. Урьдынх шигээ залуу байхаа больж, ухаан, бяр нь дундардаггүй юм гэхэд хурд, хүч нь саарч явааг нь мэдэж л байна. Төмрөөр хийсэн робот, хүдрээр цутгасан баримал биш. Цуцна, суларна, сульдана. Хөшнө, хөлрөнө, хөгширнө. Их спортоор хичээллэсэн хүний ид хавтай, эрч хүчтэй байх үе их үсрээд л найман жил үргэлжилдэг гэдэг юм билээ.

Гэхдээ “Чиний харих, миний ханах хоёр болоогүй”. 2020 онд Токиогийн тэнгэрт миний Монголын бүргэдүүд уулсынхаа хүслийг тээж, дүүлэн хүрэх болно. Тэдний дунд чиний алт, мөнгөөр гялтганах ихэмсэг галбир хийгээд идэр цог дүүрэн эрэмгий төрхийг тань эрхбиш олж үзнэ гэж найдна. Найдаж ханахгүй юм даа, аварга минь. Уулсынхаа хүслийг тээж, улам өндөрт дүүлэн гардаг бүргэдийн орон билээ, миний Монгол. Бүлээн хэвлийт газрынхаа намхан ширдэг өвсний мөрөөдлийг шившиж хэлээд нисгэдэг уяхан салхины орон билээ, миний Монгол. Газрын хүслийг тэнгэрт мэтгэсэн идэр хүрэн бүргэд нь чи юм. Дэлхийн дээвэр алгадаж, тэнгэрийн хязгаарыг тэмтэрсэн эр хонгор салхи нь бас чи юм. Эх орон чинь чамд өртэй. Өр зүрх бүр нь чамд хайртай.
 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top