Засгийн газраас шатахууны үнийг үе шаттайгаар бууруулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас тээвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг таксиныхаа үнийг бууруулах уриалгыг гаргаад байгаа юм. Энэ асуудлаар ШӨХТГ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас дараах зүйлийг тодрууллаа.
-Төр, засгийн зүгээс шатахууны үнийг үе шаттайгаар бууруулж байна. Ашигт малтмал газрын тосны газар болон танайхаас шатахууны үнэ буурч байгаатай холбогдуулан таксины үнийг тодорхой хэмжээнд бууруулах уриалгыг гаргасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Та бүхэн мэдэж байгаа. Өчигдөр АМГТГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ үеэр тус газраас гадна үнийн зөвлөлийн холбогдох байгууллагууд өөрсдийнхөө байр суурийг хүргэсэн. Энэ явцад Үнийн зөвлөлөөс гаргаж байгаа зөвлөмжийг танилцуулсан. Учир нь, шатахууны үнэ маш өндөр үнээр буурлаа. Өмнөх үнэтэйгээ харьцуулахад 30 хувиар буурсан. Мэдээж нэр төрлөөсөө шалтгаалж үнэ нь харилцан адилгүй буурсан шүү дээ. Энэ нөхцөл байдлын хүрээнд аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө бараа, бүтээгдэхүүний үнийг уялдуулж буулгах нь зүй ёсны хэрэг. Тиймээс энэ асуудлыг судалж үзээч ээ гэдэг зүйлийг тавьж байгаа юм. Судалж үзнэ гэдэг нь стратегийн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд төрийн зохицуулалт орж ирдэг. Энэ зохицуулалтын хүрээнд салбар яам, байгууллага өөрсдөө үйл ажиллагаандаа хяналт тавьж, холбогдох бодлого шийдвэрийг гаргаж ажилладаг.
Монгол Улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдж ирсэн нэгдүгээр сараас эхэлж холбогдох шийдвэрийг Засгийн газар болон бусад байгууллагаас гаргаж ажиллаж байна. Тухайлбал, манайхаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудал дээр маш сайн анхаарч ажилласан. Үүнтэй нэгэн адил аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлах шаардлагатай байна.
Шатахууны үнэ буурсан, энэ оныг дуустал үнээ хадгалах төлөвтэй байна. Иймд шатахууны үнээс хамааралтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн хувьд буулгах хэрэгтэй.
Нөгөө талаараа нийтийн тээврийн салбар байна. Ялангуяа такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үнээ бууруулах асуудалд манлайлж оролцохыг уриалж байна. Учир нь, хувь таксичдын хувьд амьжиргаагаа залгуулах, орлого олох гээд янз бүрийн л шалтгаан бий. Үүнийг ойлгож байна. Гэвч нэн ялангуяа нийтийн тээврийн байгууллагаас зөвшөөрөл авч ажилладаг такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ямар бодитой үр дүн гарах вэ гэдгээ танилцуулахыг уриалж байгаа юм.
-Тухайлбал, танайд таксины үнийг бууруулах, үнийг тогтоох эрх нь бий юу?
-Үгүй, хязгаарлагдмал байдаг. Тиймээс тухайн үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг байгууллагуудыг уриалж уриалга гаргаж байгаа юм. Шийдвэрлэх боломжтой асуудлыг нь шийдээч ээ гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Үр дүнд нь иргэдийн өдөр тутмын амьдралд эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна. Энэ утгаараа нийтийн тээврийн салбарынханд уриалгаа хүргүүлсэн.
-Та түрүүн хэллээ. Өнгөрсөн хугацаанд ШӨХТГ-аас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг барих асуудалд анхаарч ажиллалаа гэж. Тэд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах боломж, бололцоо байгаа гэж үү?
-Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл. Холбогдох аж ахуйн нэгжүүдээс ч үнийг тогтвортой байлгах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Гэхдээ шатахууны үнэ буурч байгаа гэдэг үүднээс тэд үнээ буулгах асуудлыг судлах нь зүй ёсны хэрэг.
-Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ 30 хувь буурсантай ижилхэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч гэсэн тэр хэмжээнд бууруулах боломжтой гэж харж байна уу?
-Шууд утгаар өрөөсгөл ойлгож болохгүй. Аливаа бараа, ажил үйлчилгээний үнэ гэдэг бол маш олон зүйлээс бүрддэг. Нэн ялангуяа суурь үнээс хамаардаг. Суурь үнийн нэг төрөл нь шатахуун яах аргагүй мөн. Нөгөө талаараа суурь үнэд өөрчлөлт орж байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох нөхцөл бий болж байна гэж харж болно.
Мэдээж дэлхий даяараа цар тахлаас үүдэж эрүүл мэндийн салбараас гадна эдийн засагт хүнд тусч байна. Маш олон өөрчлөлт гарч байна.
Экспорт хязгаарлагдаж байна. Гадаад худалдааны таагүй орчинд ажиллаж байна. Энэ ч утгаараа үнийг шууд бууруул гэж шаардах нь зохимжгүй. Тиймээс судлаач үзээч ээ, тэрхүү үр дүнгээ мэдэгдэхийг л уриалж байгаа юм.
-Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдэд хяналт тавьж ажиллах боломжгүй шүү дээ?
-Хувь такси гэдэг үйлчилгээг хууль бус гэж хэлэхэд хэцүү. Хууль ёсны гэж хэлэхэд ч хэцүү үйлчилгээ шүү дээ. Бүртгэлжүүлэх асуудлыг судалсан зүйл байдаг юм билээ. Гэхдээ иргэдийн амьдралыг дэмжихтэй холбоотой шууд шийдвэрийг гаргаж чаддаггүй. Хувь такси үйлчилгээг үнээ буулгах гэхээсээ илүүтэй тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд тэднийг чиглүүлэх, нөлөөллийг бий болгох боломж бололцоог бүрдүүлж өгнө гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хүнсний бүтээгдэхүүний үнэ яах вэ буух уу
Бараа хүнсний бүтээгдэхүүний үнэ яагаад буухгүй бнаа.